Өглөөний нар нүүрэн дээр
тусан үхэр тугалын мөөрөлдөх чимээтэй холилдон гүн нойрноос сэрээв. Гэрээс гарч
орчноо ажиглавал халууны манан татан өдрийн их халуунийг зөгнөн дүнсийнэ. Цааш хоёр
гурав алхан явбал өвсний толгойд унасан шүүдрийн дуслууд гутал өмдийг шалба
норгон усаар туучсан мэт болгож орхилоо. Хэвтэр дээрээсээ дөнгөж хөдлөх хонин
сүрэг бүгд л их яаравчлан голруу зүтгэлэнэ. Бүр хэт их яарахдаа зарим нэгэн
ишиг хургаа сэрэж амжаагүй байхад нь хөдлөн зам холдоно. Унтаж холдсон ишиг
хураг хойноос нь сандран майлан давхилдана. Удалгүй манан арилаж тэртээх холын
уулсыг нүдний өмнө ил гарган сэтгэл давхар цэлмэх шиг л болно. Өдрийн их халуун
төөтөн төөнөсөөр газрыг улайссан зуухны ширэм шиг болгон хөл нүцгэн гишгэхийн
аргагүй болгоно. Халуунтай зэрэгцэн ялаа шумуул нүдрүү бүчин гадаа уяатай морь
минь ялаанаас болж цовхчих шахан үсчин ялаархана. Үүнтэй зэрэгцэн их адуу усруу
орохоор уралдаж буй мэт цувран тургилалдан ергөцгөөнө. Өдөржин усанд тийрсэн
адуу орой болоход ийш хашаа нь мэдэгдэхгүй давхилдацгаана. Халуунд манаран
идээшилж амжилгүй хэвтсэн хонь ямаа орой нь хотлохоо мэдэхгүй улам л цаашаа
зүтгэлэн идээшлэнэ. Дайран дээр давс нэмэх гэсэн шиг ялаа шумуулнууд хонь ямааг хэвтүүлэхгүй хөөн цовхчуулна. Нар
жаргаснаас хойш бараг үүр цайтал хонь тогтохгүй холхиж сэрэмж нэмэх гэж нохой
хааяаа нэг боргон үүр цайлгана. Ингээд л өдөр дахин эхлэн тугалаа нэхэн
үнээнүүд мөөрөлдөнө.
Сэтгүүлч 3р курс:
А.Мөнх-Эрдэнэ
No comments:
Post a Comment