Wednesday, May 17, 2017

Ах Теле зохиомж

Ах Теле зохиомж
Хавирга нэвт үлээх хаврын салхи улаан шороо босгон, нэвсийсэн хар үүлс тэнгэрийг бүхэлд нь бүрхээд сэтгэлд уйтгар хоргодно. Орой ажил тараад шууд гэрийн зүг алхлаа. Эхнэр минь хаалгаа тайлж байна.
 Буйдан дээрээ намсхийтэл унаад өгсөн надад тэр сонингууд авчирч өгөхдөө “Чамд захиа ирсэн” гээд алаг дугтуй бариулчихаад гал тогоо руугаа орчихлоо. Юун захиа билээ. Ходоод өлөн байсныг ч хэлэх үү, тэр дугтуйг нээх хүсэл төрсөнгүй. Сонингуудаа ээлжлэн унших завсраа би тэр дугтуй руу түгшүүртэйгээр хяламхийсээр байлаа. Дараа нь монголын бүх сувгийн мэдээний хөтөлбөрийг үзэж дуусаад босоход өнөөх захидал нүдний үзүүрт “намайг задлаач” гэх шиг өртөөд болдоггүй.
Би яагаад тэр захидлыг задлахаас ингэтлээ зүрхшээгээд байгаа юм бэ? Хор шар хөдлөн өнөөх дугтуйг шүүрч аваад эргүүлж тойруулан харав. Яах аргагүй миний нэр дээр Дарханаас иржээ. Тэр хүн нэрээ тавилгүй “Газар дээрх ганц ахаас чинь” гэжээ. Надад ах байхгүй. Ганц дүү охин минь гадаадад амьдардаг. Хүн андуурсан биз гэтэл яах аргагүй миний нэрийг овгийн эхний үсэгтэй нь биччихсэн байдаг. 
Би нэг сайн амьсгаа аваад нөгөө захидлын дугтуйг урлаа.
“ Сайн байна уу, хайрт дүү минь. Газар дээрх ганц ах чинь мэндчилж байна.
Дарханд амьдрал гайгүй л болж байна. Манайхан бүгд ажлаа хийцгээгээд. Муу эгч чинь чамайг их ярих юм. Манай хоёр бага ч чиний тухай үргэлж ярьцгаадаг. Батаа ах яагаад манайд ирэхгүй байгаа юм бэ гэж асуугаад байдаг байснаа одоо больсон. Том болж байгаа нь тэр биз…Үзмээ та хоёр…” 
“Үзмээ та хоёр..” Би энэ мөрийг хүргээд цочин балмагдахдаа тэр хуудас цаасыг гараасаа алдчихав. Зүрх цээжиндээ багтахгүй бөмбөрдөн дэлдэж, ам хатан ангалзав.
Үзмээ бол миний анхны хайрын эзэн.Бид хоёр оюутны дөрвөн жил үерхсээр төгсөх жилдээ нэг гэртээ орж, дараа нь охинтой болсон юм.
Нэг сайн гүнзгий амьсгалаад захидлыг үргэлжлүүлэн унших хүч тэнхээ гаргахыг оролдлоо.
“…Үзмээ та хоёр учраа ололцоогүй л явна уу? Тэр сайхан охин чамд ёстой л заяаны хань болох хүн байсан юм даа. Мөн ч хүүхдээрээ гэнэн сайхан сэтгэлтэй охин байсан сан. Одоогийн бүсгүйчүүд дунд Үзмээ шиг эвдрээгүй хүүхэд ховор доо. Хүн насан туршдаа өөрийнхөө тал бие болж төрсөн ижил ханиа эрж хайж явдаг юм гэнэлээ. Чамайг хүрээд ирэх болов уу гэж тэр зөндөө л харсан байж таараа. Эр хүний омог бардам зан гаргах гэж байж чи л алдсан. Та хоёр хамтдаа байсан бол ямар сайхан айл болох байсан бол гэж эгчтэй чинь би ярьж суудаг.
Ингэхэд ахынх нь нас өндөрсч байна. Чи хэзээ нэг манай босгоор алхах гэж байна даа. Газар дээрх ганц ахыгаа мэндэд нэг зүсээ харуулчихмаар л юм даа. Хойтонгоос ах нь нэг элгээ үзүүлэх санаатай. Танайх хуучиндаа юу? Хаягаа явуулаарай.
Хүндэтгэсэн ёсолсон Ах чинь” гэсэн байлаа.
Би бодолд оров. Надад Дарханд суудаг ах битгий хэл хамаатны ганц ч айл байхгүй. Хамгийн гайхалтай нь тэр хүн Үзмээг яаж тийм сайн мэдэж байнаа.
…Би түүнд даанч дэндүү хайртай байлаа. Бид хоёрын дундаас төрсөн охин, тэр минь дөнгөж хөлд орж, тэнтэр тунтар алхаж эхлээд байхдаа гэнэт л халуурч хоолой нь боогоод …Түргэн дуудсан. Эмнэлгийн сэхээн амьдруулахын өрөө. Гэвч “өнгөрчихлөө” гэж нэг сувилагч надад хэлсэн
. Охин минь байхгүй болсон тэр өдрөөс хойш би архи ууж эхэлсэн. Үзмээтэйгээ ч байнга хэрэлдэх болсон. Охиноосоо хойш ухаан сэхээ орж, түүнийгээ хайрлах сан гэж хичнээн хичээгээд ч болж өгөөгүй юм. Тэгээд нэг өдөр тэр минь намайг эзгүйд хөдөө аймагт суудаг аавынх руугаа явчихсан билээ. Би хойноос нь очих гэж хэд хэд оролдоод өөрийгөө хүчилж чадаагүй өнгөрсөн юм. Энэ бол долоон жилийн өмнөх явдал. Тэр минь өнгөрсөн жил сайн хүнтэй суулаа гэж дуулдсан. Харин би гэрлээд гурван жил болсон ч түүнийг мартаж чадаагүй л явна.
Тэр шөнө унтаж чадалгүй үүр цайлгалаа..
Би тэр захиаг мартаж чадсангүй. Долоо хоногийн дараа хариуг нь бичихээр суулаа. “Ах”-даа юу гэж бичихээ мэдэхгүй, эхэлсэн захиа бүрээ урж хаясаар их л оройтжээ. Ганц сайн санаа алдаад сүүлчийн захидлаа эхэллээ. 
Юу гэх вэ? Эгч чинь гээд байсныг бодвол тэр хүний авгай нь биз. Хэзээ ч хараагүй, байдаг эсэхийг нь ч үл мэдэх бэргэн эгч .Түүнийг хэн гэдэг бол?
“…Сүрэн эгчийн бие сайн уу? Бөөр нь зүгээр үү? Намайг очиход бөөр өвдөөд гээд тариа хийлгэж байсан санагдах юм. Ягаанаа, Бамбарууш хоёр их том болоо биз дээ. Бамбарууш энэ жил есөд орох байх аа. Ягаанааг Дархандаа сурч байгаа нь зөв гэж бодох юм. Харин ямар мэргэжилтэй болох гэж байгаа юм бэ? Би мэдэхгүй л байгаа шүү. Мартсанаас Сүрэн эгчийн хийж өгдөг хайлмагийг нэг идэх сэн гэж бодох юм. Та надад санаа зовсны хэрэггүй. Үзмээ одоо сайн хүнтэй суусан гэсэн. Би ч амьдралаа бодсон нь зөв байсан шүү дээ. Таны насны хүн арай хөнгөн ажил хиймээр юм. Эсвэл заадаг хичээлийн цагаа багасгаарай. Манайх 13-р хороололд шинэ байр авсан. Хаягаа явууллаа. За ах минь биеэ бодож яваарай. Даралтаа мэдэж байгаарай. Баяртай. Дүү Батсайхан.”
Сохор таамгаараа ийм л товчхон юм бичээд маргааш нь ажилдаа явах замдаа шуудангийн хайрцагт хийчхэв. Хорвоо дэлхийд байхгүй хүмүүсийн нэрс тоочсон тийм элий балай захиа авсан хүн гайхсандаа дахиж сураг чимээ өгөхгүй таг болно биз гэж би битүүхэн найдсаар хэдэн сар өнгөрөв.
Нэг орой иртэл манайх зочинтой байв. Манайд жолооч Загджав гэж өөрийгөө танилцуулсан хижээл эр ирчихсэн сууж байх юм. Дарханаас ах чинь хайлмаг явуулсан. Бас энэ гээд сонинд боодолтой нимгэн юм өгөөд “Өнөө оройдоо Дархан орох ёстой” гээд гарахдаа ”Дангаа гуай хичээлээ заагаад л гялалзаад байгаа. Ахынхан чинь бүгд сайн. За баяртай” гээд бядтай гараар хаалга татан гарсан юм.
Миний ахыг Дангаа гэдэг байх нь. Хамгийн гайхалтай нь миний таамгаар бичсэн бүхэн таарч.
Тэр боодолтой юм нь хуучирсан хар цагаан гэрэл зураг байлаа. Үзмээ бид хоёр огтын танихгүй улстай хамт авахуулсан зураг байв. “Ягаанаа, Бамбарууш хоёр болон аав, ээж, Үзмээ эгч, Батаа ах” гэж хүүхдийн бичгийн хэвээр бичжээ.
Хэд хоног л би бодолд дарагдан зүүд нойрондоо яваа мэт байлаа.
Зуны сүүл сард би дахин нэг захиа авлаа. Германд сурахаар явуулсан хүсэлтэд минь нааштай хариу иржээ. Би нөгөө Дарханд суугаа “ах”-даа ингэж хэл сураг дуулгалгүй ингээд л таг чиг яваад өгнө гэхээр цаг дээрээ санаанд багтаж өгөхгүй байлаа.. Тэгээд амралтын өдрөөр Дархан руу гарч өгөв. Гэвч замын дундаас би буцаад хот руу давхичихсан юм. Ингээд бүх юм дууссан бол ч яамай. Дахин нэг хачирхалтай явдал намайг отож байжээ.
Манайх байр, машинаа зарж, алс газар одоход бүх юм жин тан болчихсон байлаа. Зоригоо гэдэг найзындаа нэг орой айлчлав. Тэдний гэрэл зургийн цомгийг үзэж суутал нэг л үзсэн хүний танил царай хэд хэдэн зурагт үзэгдээд өнгөрөх юм.. Гэртээ харихын даваан дээр гутлаа өмсч суухдаа тэр танил царай хэнийх болохыг бодож оллоо. Тэр бол нөгөө “ах”-ынхаас хайлмаг авчирсан жолооч байсан байна шүү дээ. Би зургийн цомгийг нь шүүрэн авч тэр хүний зургийг яаран олоод ”Энэ хэн бэ? Загджав гэдэг, хүн мөн үү?” гэж асуув. Би тийм чанга хашгирснаа өөрөө ч мэдсэнгүй. Гайхсан Зоригоо “Наадхи чинь манай авга ах. Дарханы хүн байсан юм…Чи яаж таньдаг юм?” гэлээ.
-Яагаад байсан гэж?
-Нас бараад таван жил болж байгаа юм аа.
-Юу…у?
Би тэднийхээс яажшуухан гарч, гэртээ хэзээ ирснээ ч мэдсэнгүй. Надад тохиолдоод байгаа хачирхалтай явдлуудыг цаашид өөртөө хадгалаад явж чадахгүйгээ л ойлголоо. Маргааш нь би эхнэртээ энэ бүхнийг ярилаа.
“Энэ бүхний учрыг чи бид хоёр хэзээ ч олж чадахгүй. Аливаа гайхалтай бүхний нууцыг тайлах хамгийн сайн түлхүүр бол цаг хугацаа” гэж тэр хэлсэн юм. Ингээд бид хоёр долоо хоногийн дараа Берлин рүү ниссэн юм даа. Би тэнд завгүй сурч, ажилласаар хэдэн жилийн дараа Монголдоо эргэж ирлээ. Гэтэл миний хуучин хаягаар сарын өмнө ирсэн цахилгаан утсанд “Ах чинь өнгөрчихлөө. Сүрэн” гэсэн байлаа. Харин тэр хүнтэй хамт нөгөө хачирхалтай нууцын түлхүүр үүрд  алдагдсан юм даа.

No comments:

Post a Comment