Орост Х зууны үед зохиогдсон “Игорийн Хорооны үг” гэдэг сайханзохиол бий. Гүржид XII зууны үед Шота Руставелийн зохиосон “Барсан хэвнэгт баатар” гэдэг шүлэглэсэн зохиол бий. Францад “Роландын дуулал” гэдэг их Карл хааны байлдааны түүхийгавч бичсэн зохиол бий. Грект “Илиада Одиссей” гэдэг хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан үлгэр бий.
Тэрчлэн манай монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг зохиол мөн. Нууц товчоог олон үндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгүүдтэй зэрэгцүүлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт холын цагт монголын ард түмний дотор уран үгийг холбож, түүхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хүмүүс байсан байан. Нууц товчоог зохиосон хүни йнэр байхгүй бөгөөд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгүй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын үеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам үнэн хуваарь мөн болоод тэргүүн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Өгэдэй хааны үеийн явдлыг бичсэн ба нөгөө уул зохиол арван дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон явдлуудыг тоочжээ. Бүлгүүдийг жагсаавал:
1. Тэмүжиний уг гарал ба бага насны үе
2. Чингисийн идэр нас
3. Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
4. Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
5. Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
6. Хэрэйд улсын мөхсөн нь
7. Ван хан сөнөсөн нь
8. Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
9. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
10. Уйгар ба ойн иргэдийг эзэлсэн нь
11. Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
12. Чингисийн нас барсан ба Өгэдэйн хаан болсон нь
Эдгээр тоочсон бүлгээс үзвэл Чингсийн үеийн зөвхөн түүх мэт боловч үнэндээ тийм биш, ардын аман үлгэрийн дээр үндэслэсэн бөгөөд тэр цагийн ардын дуу, цэцэн үг шүлэглэлийг өргөнөөр гаргажээ. Бүлэг бүрд хорь гучин шүлэг байна. Хүний яриа ба хэлүүлсэн үгс их төлөв шүлэг байна. Энэ зохиолд эртний монголын хэлний аялгуу ба үг холбох найруулах хийгээд шүлэглэсэн ба үргэлжилсэн зохиолын жишээ бүрэн гарчээ.
Нууц товчоо бол XIII зууны үед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсо явдлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй баримт бичиг болжээ. Энэ зохиолд Монголын доор болсон явдлыг дэлгэрэнгүй гаргах бөгөөд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай төдий л дэлгэрэнгүй гарахгүй. Гэвч Монголын цэрэг баруун зүг довтолж байлдсан явдлыг тэр цагийн Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын түүх нөхөж өгнө. Рашид Эддин, энэ түүхийг XIV зууны үед, монгол сайд Болод чансан ба бусад хэдэн монгол хүнтэй хамтарч, Ираны монгол хааны номын санд байсан олон монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мөн Монгол, Хятадын холбогдолтой түүхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай Хятадын түүх чнар их л дэлгэрэнгүйгээр бичсэн тул нөхөгдөж ирнэ. Юань улсын мөхсөний дараа Хятадын Мин улсын үед Монголын түүх, Юань ши гэдэг их судрыг зохиосон ба өөр олон зүйлийг Монголын түүхийн бичиг хятад хэл дээр бий.
Нууц товчоог монгол хүн, монгол нутагт зохиосон тул гадаадын түүхч нарын зохиолоос онц ялгавартай, чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг зохиолын туай Оросын эрдэмтэн Владимирцов “Монголын нийгмийн байгуулал” гэдэг номын дугаар нүүрт бичсэн нь: “Дундад зууны үед нэг ч үндэстэн, Монголын адилаар түүхч нарын анхаарлыг татсангүй гэж хэлж болох бл бас Нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй гэдгийг тэмдэглэвэл зохино” гэжээ.
Энэ зохиол бол Монголын түүхийн хосгүй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зрхиол мөн. Нууц товчоог XIII зууны үед зохиогдсон ганц яруу зохиол гэж үзэж болохгүй. Жишээлж хэлбэл, халцгай цөлд ганц өндөр нарс ургадаггүй, өндөр нарс их ойн дунд, өндөр нам олон нарсны зэргэлдээ урагдаг биш үү. Тэрчлэн өндөр сайхан нарс мэт сүндэрлэсэн Нууц товчоо гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мөн гэж бодож болно. Бусад олон зохиол нь яасан бэ гэж асуувал гээгдэж, цагийн урсгалд элэгдэж сүйджээ гэж хариулж болно. Манай нүүдэлчин монголчуудад юм хадгалах тохитой байшин сав байхгүй ба олон удаа дайн байлдааны хөлд орж байсан учираас ном бичгээ хялбархан үрэгдүүлдэг байжээ. Хэдийгээр монголын ард түмний түүхт цагийн дотор бүтээсэн уран бүтээлийн үнэт зүйлийн үлэмж хэсэг нь харамсалтайгаар үрэгдсэн боловч хуучин үеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг гурван сайхан зохиол соёлын өв болж үлдсэн байна.
Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил гэвэл зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хүсэл бүрэн илрэн гарчээ. Баруун Монголд боловсорсон Жангарын тууж гэдэг арван хэдэн бүлэг, үлгэрт ардын жаргалант аж амьдралыг хүсэх санал тодорхой гарчээ. Гэсэрийн туужид дарлагч анги ноёд лам нарыг эсэргүүцэх ардын санал илэрхий үзэгдэв. Монголын Нууц товчоонд хоорондоо ямагт тэмцэлдэгч төрлийн ба феодалын бутархай жижиг аймгудыг эсэргүцэж төвлөн нэгдсэн улс байгуулах хүсэл тодорчээ. Төрөл овгийн байгуулалтаас феодалын нийгэмд шилжих ба жижиг бутархай феодалын ёсноос төвлөсөн улс олох явдал нь түүхийн шатын талаар нэг алхам урагш дэвшсэн хэрэг мөн.
Нууц товчоонд Чингисийн төвлөсөн улсыг байгуулж, монгол үндэстнийг нэгтгэн захирсан явдлыг сайшаан магтахаас гадна Чингисийн догшин бурангуй талыг сайшаан магтахаас хам тэр цагийн олны байдлыг нүдний өмнө ил харах мэт тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол оронд нэгдсэн улс байсангүй олон жижижг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг тэргүүлээд хоорондоо ямагт хямралдан тэмцэлдэнэ. Харилцан алалцах дээрэмдэлцэх явдал ерийн заншил болсон байжээ.
No comments:
Post a Comment