Мөн
олон нийтийн дунд суртал нэвтрүүлэх тухай монгол ард улсыг аж ахуй ба эрдэм
соёл, ший жүжиг, зураг урлалыг чанарыг сайжруулж, улаан булан, улаан гэр мэтийг
өргөжүүлэн хөгжүүлэх тогтоол гарсан байна.
Дүрслэх
урлагийн бүтээлд мал амьтныг тодорхой зорилгын үүднээс дүрслэн зурдаг билээ.
Тус улсын үндэсний соёл боловсролыг хөгжүүлэх явдалд намаас тодорхой чиг шугам
гаргаж уламжлалт зураасан зургийн агуулгыг төдийгүй хэлбэрийг баяжуулж, урлаг
уран сайхны олон арга барилаар, дүрслэн илэрхийлэх хэрэгслийг гүнзгийрүүлж
эхэлсэн байна.
«Монголын
үнэн» сонин ЗХУ-ын Эрхүү хотноо хэвлэгдэж байсан бөгөөд үүний ачаар монголын
зураачид Зөвлөлтийн зураачдын бүтээлтэй танилцаж коминтерний нөхдийн тусламж
дэмжлэг авч байсан нь зургийн урлаг шинэ утга агуулга, үзэл санаагаар хөгжихөд
ач тусаа өгч зарим сонины зургуудыг чухам хэн зурсан болох нь тодорхой биш
байна.
Монголоос
сонинд ажиллаж байсан хүмүүсийн дунд зураг зурдаг нь С.Буяннэмэх байжээ. Түүний
зурсан «Уран үгсийн чуулган» сэтгүүлийн хавтас болон «Шанз тоглож буй эмэгтэй»,
«Эртний баатар» зэрэг хэд хэдэн зураг мэдэгдэж байна. «Уран үгсийн чуулганы»
хавтас ба «Монголын үнэн» сонинд нийтэлсэн зургуудаас монголын амьдрал, хүний
төрх, хувцас, эдлэл хэрэглэл, хөдөлгөөн зэргийг үзүүлсэн байдал, үндэсний
уламжлалт зургийн хүн, мал амьтны хэлбэр дүрсийг гаргаж ирсэн өвөрмөц арга
ажиллагааг хэрэглэсэн зэргээс үзэхэд тус сонины нэг, хоёр, дөрөвт нийтэлсэн
зургуудыг С.Буяннэмэх зуржээ.
Ардын
хувьсгалаас хойш гарсан «Уриа», «Ардын эрх», «Үнэн» зэрэг тогтмол хэвлэлд олон
зураг нийтлэгдэж байжээ. Тэдгээр хэвлэл шинэ цагийн дүрслэх урлагийг үүсгэн
хөгжүүлэгч зураачдын өсөж хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Сонины
зургуудаас зураасан зургийн сэдвийн цар хүрээ, уран бүтээлчдийн өсөлт, ур
чадварын дээшлэлтийг мэдэж болохоор байна.
Тухайн
үеийн бодит байдал, нийгмийн үзэгдлийг дүрслэх урлагийн уран сайхны хэлээр
сурталчилж шинэ нийгмийн амьдралыг дүрслэх, шинэ хүний дүрийг бүтээхэд зураач
урчууд, авьяас билгээрээ тодорсон залуу авьяастан нар мэдлэг, ур чадлаа зориулж
ардын хувьсгалыг бахдан магтах, ухуулан сурталчлан ард түмэнтэй ойртуулах ба
уран сайхны ажлын тухай Намын Төв Хорооноос гаргасан тогтоол шийдвэрийг
хэрэгжүүлэх чиглэлийг гол болгож байв.
«Монгол
ардын нам» сэтгүүлийн хавтсанд ард түмэн намаа нягт хүрээлж байгааг харуулсан
байдаг бол «Хувьсгалт залуучуудын эвлэл» сэтгүүлийн хавтсанд ирээдүйдээ итгэл
төгс байгаа шинэ эрин үеийн залуусын цог золбоог үзүүлсэн байна. «Ардын цэрэг»,
«Хувьсгалт улаан цэргийн бодлого» зэрэг сэтгүүлд эх орны соргог манаа болсон
шинэ хүнийг зуржээ.
Тухайн
үед төрөл бүрийн номыг зурагтай хэвлэж байсан бөгөөд тэр зургууд нь үзэмж
чимгийн үүрэг гүйцэтгэхээсээ илүү түүний утга санааг илэрхийлж, агуулгыг
гүнзгийрүүлж байснаараа онцлог юм.
Монголын
сэхээтнүүд эх хэлээрээ ЗХУ болон европын уран зохиолоос Аугаа их зохиолч
А.Горькийн зөвлөсөнчлөн идэвхтэй зарчмыг баримталсан зохиол орчуулж байсан
бөгөөд тэр зохиолын заримд монголын зураачид зураг зурж байжээ. Д.Дефогийн
«Робинзон Крузо»гийн зураг чимэглэл энд онцгой байртай юм. Энэ бүхнээс үзэхэд
сонин, сэтгүүл, ном нь орчин үеийн дүрслэх урлагийн амьдралд чухал үүрэг
гүйцэтгэж, урчуудыг хүмүүжүүлж, тэдний эгнээ өргөжиж, уран бүтээлийн үзэл
суртал, ур чадвар дээшлэхэд ач холбогдлоо үзүүлжээ.
Үзүүлэн
таниулахад зориулсан зурагт хуудас нь нам засгийн бодлогыг сурталчлахад дайчин
зэвсэг болж энэ төрөл зүйлийн үүсэл хөгжлийн явц ихээхэн сонирхолтой юм. Улс
төрийн ухуулах хуудас гаргахыг жанжин Д.Сүхбаатар анх санаачилж, намын анхны
ухуулах хуудасны үгийг өөрөө бичиж байжээ.
Монгол
ардын намаас ухуулах, уриалах хуудас бичүүлэх, хэвлүүлэх талаар онцгой анхаарч,
Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид тус намын анхдугаар их хурлыг хуралдуулахаар
Хиагт хотод бэлтгэл ажил явуулж байхдаа мөн ажлыг зохиож тэд 20 гаруй нэр
төрлийн их, бага хэмжээний ухуулах хуудасны төрөл бүрийг хамгийн бага тоогоор
100-гаас доошгүй хувиар хэвлэж Монгол оронд тарааж байжээ.
Ардын
хувьсгал мандсанаас хойш Монголын анхны зурагт хуудас 1923 онд Ленинград хотод
хэвлэгдэж байсан байна. Энд өнгөрсөн нийгмийн бурангуй байдлыг ололт амжилттай
жиших замаар шинэ нийгмийн хөгжил хөдөлгөөний зүй тогтлыг харуулжээ.
Монголын
зураач урчууд европын уран зургийн арга барилд суралцаж эхэлсэн бөгөөд уран
бүтээлүүдэд ертөнцийг мэдэрч тусгадаг бодьгал шинж, дүрслэлийн примитив
хандлага, байгалиас хуулбарлан суралцах натуралист баримтлал зонхилж нам төрөөс
театр, клубуудийн зэрэг уран сайхны байгуулагуудын ажиллагааг сайжруулах, уран
сайхны боловсон хүчин бэлтгэх зорилгоор жүжиг, дуу бүжиг, хөгжим, зохиол
найруулга, кино ба гар зургийн сургуулиудыг байгуулж улсаас аль болох зардлаар
хангах уран сайхны талаар арга тогтоол гаргасан байна. Мөн соёл боловсролыг
ухралтгүйгээр хөгжүүлж бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрэн устгаж, ард түмнийг
гэгээрүүлэх бодлог барьж байлаа.
Тухайн
үед Монголд ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэн К.И.Померанцев, Н.Н.Вельский,
С.А.Бушнев нар зургийн дугуйланд багшлах, дагалдуулан сургах замаар Л.Гаваа, О.Санжжав,
Л.Намхайцэрэн, Ү.Ядамсүрэн нарын зэрэг олон зураачдыг тосон будгийн арга
ажиллагаанд сургаж байсан буюу багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд А.Соёлтой
багшийн дугуйланд О.Цэвэгжав, Д.Чойдог нар суралцаж уран зургийн аргатай
танилцжээ. Энэ үеэс тосон будгийн аргаар хийсэн анхны бүтээлүүд гарч эхэлсэн
байна.
1940
онд Ардын хувьсгалын 20 жилийн ойд зориулж дүрслэх урлагийн төрлөөр уран
бүтээлийн анхдугаар уралдааныг зарласан ба энэ уралдаанд тосон будгаар зурсан
уран бүтээлийн ажлууд тавигдав.
1940-1941
онд Ү.Ядамсүрэн, Д.Чойдог нарыг Москва хотноо уран зургийн дээд сургуульд
суралцуулахаар явуулсан боловч Дэлхийн II дайн эхлэн Германы арми ЗХУ-д
довтолсон тул тэд сургуулиа дуусгаж чадалгүй Монгол руу буцаж иржээ. Зураачид
хэдийгээр ганц жил суралцсан ч нилээд туршлага хуримтлуулж мэргэжлийн
хандлагатай болж ирснээр тэр үеийн залуу зураачдад зургийн онол, дадлагын
талаар их зүйлийг зааж сургаж байсан байна. Уран сайхны хүрээлэнгээс улс орныг
батлан хамгаалах чанар бүхий жүжгүүд, олон түмний эх оронч байдлыг үзүүлсэн
утгатай дуу шүлэг уран бүтээлүүд гаргаж ард олныг сурган хүмүүжүүлэхэд
чиглэгдэж байв.
1941
онд зураач Ү.Ядамсүрэн “Х.Чойбалсан”, “Х.Чойбалсангийн хөрөг”, О.Цэвэгжав
“Партизан цэрэг элсүүлэлт” зэрэг бүтээлүүд гарсан байна.
1942
онд Монголын ардын засгаас Улсын уран сайхны хэрэг эрхлэх газрын харьяанд Зураг
урлалын газар байгуулагдаж тус Газрын анхны даргаар Д.Чойдог, ахлах зураачаар
О.Цэвэгжав, зураачаар Д.Лувсанжамц, дагалдан зураачаар П.Балдандорж, модоч
дархан Сандуйжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан нь Монголын дүрслэх
урлагийн байгууллагын үндэс суурь болсон байна.
1942 онд зураач Л.Гаваа “Цаатан” бүтээлээ зурсан байна.
Монгол
орны тусгаар тогтнол хүн ардын эрх чөлөөний төлөө тэмцэж явсан партизан нарын
хөргөөс Д.Чойдогийнх бодит амьдралыг уран сайхнаар харуулсан байдал, дүрийн
шийдэлтийн хувьд онцгой ялгарч байв. Тэрээр сонин сэтгүүлийн зураг зурж
байснаас биш уран зургаар ажиллаж байгаагүй ч үзэгчдийн анхаарлыг хөрөгт
төвлөрүүлэх тийм зохиомжийг сонгож дотоод сэтгэлгээ, гадаад намба төрхтэй
холбож уран сайхны дүрээр илэрхийлэх зорилго тавьж байснаас үзэхэд түүнд уран
дүрслэлийн эрэл хийж, туршлага хуримтлуулж байсан нь ажиглагддаг.
1943
онд зураач Д.Чойдог-ийн зурсан “Партизан Мельников”, “Өвгөн партизан”, Н.Цүлтэм
“Атак” бол монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан
зөвлөлтийн интернационалч, эх орончдын нэг юм. Зовлон туулж тэмцэлд хатуужсан
энэ хүний зориг эрмэлзлийг уран дүрслэлийн ойлгомжтой хэлээр илэрхийлсэн билээ.
Д.Чойдог ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан нэр үл мэдэгдэх нэг
партизаны хөргийг зурсан бөгөөд тэр хүний дүр төрх байдлыг харахад шинэ төрдөө
байгуулсан гавьяатай хүн болох нь харагддаг.
1944
онд зураач Ү.Ядамсүрэн “Малчин эмэгтэй”, Л.Ванган “Атак”, Л.Гаваа “Цогийн идэр
нас”, Л.Гүрсэд “Агт Бэлэглэлт” тус тус зуржээ. Ү.Ядамсүрэнгийх угсаатны зүйн
онцлогийг нарийн гаргаж түүгээрээ оросын ард түмний амьдралыг үзэгчдэд хүргэж
байснаараа өвөрмөц байв.
1945
онд Зураг урлалын газрын дэргэд Зургийн дунд сургуулийг байгуулсан бөгөөд энэ
сургуулийн анхны элсэгчид нь хожмын Монголын урлаг, соёлын нэрт зүтгэлтэн
зураач Б.Гомбосүрэн, Б.Чогсом, О.Мягмар, С.Рэнцэн, кино найруулагч Б.Сумхүү,
Бодьсүрэн, Бадамгүр, О.Нямсүрэн нарын 15 хүн байжээ . Тэдэнд анх хар зургийг
Д.Чойдог, шугам зургийг Л.Намхайцэрэн, өнгөт зургийг О.Цэвэгжав нар зааж
байжээ.
1945
онд зураач Ү.Ядамсүрэн “Ударник Ичинхорлоо”, О.Цэвэгжав “Цэрэг гэртээ ирсэн
нь”, П.Балдандорж “Хотын Гудамж”, Н.Цүлтэм “Чойбалсан Партизаны Хамт”,
Д.Лувсанжамц “Сур Харвалт” зэрэг тосон будгийн уран бүтээлүүд гарсан байна.
1946
онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурлын тогтоолд "Аймгийн төвүүдэд
уран зураг ба гэрэл зургийн газрыг байгуулан, түүний удирдах хүмүүсийг бэлтгэх
зорилгоор уран зураач ба гэрэл зурагчин нарыг бэлтгэх курсийг 1946 онд зохион
байгуулсугай" гэж заасан ёсоор хөдөө орон нутагт уран зураг, гэрэл зургийн
салбар байгуулагджээ. Мөн онд Дүрслэх урлагийн газар нь улам өргөжиж дотроо
уран бүтээлийн тасаг, үйлдвэрийн зургийн тасаг, баримлын тасаг, мужааны тасаг
болон сургууль курсийн танхимд зургийн дунд сургуулийн сурагчидад мэргэжлийн
хичээл зааж байжээ.
1947
онд зураач Ү.Ядамсүрэн “Монгол Эмэгтэй, Н.Цүлтэм “Сталин Чойбалсан”, Л.Ванган
“Гамин Бораны Харгислал”, Д.Манибадар “Эртний баатар”, Зураач Д.Лувсанжамц
“Сүхбаатар, Чойбалсан” Хөрөг зургийн төрөл зүйлд Д.Сүхбаатарын дүр онцгой байр
эзэлж зураг зурсан бөгөөд уул бүтээлийг зурсан арга барил, хээ угалзыг шалмаг
хэрэглэсэн байдал, зураглал чимэглэл, цэвэр өнгө зэргээр ардын урлагтай холбож
өгсөн нь их жанжныг адил төсөөтэй дүрслэхийн зэрэгцээ түүний жавхаалаг сэргэлэн
зан төрхийг харуулахыг эрмэлзсэн байна.
Зураач
Ү.Ядамсүрэн том бага хэмжээний 50 гаруй хөрөг түүх хувьсгал, аж байдал, байгаль
зэрэг төрлөөр хэд хэдэн бүтээл хийсний гадна ардын урлал, эдийн соёлын
дурсгалтай холбогдсон 40 гаруй зураг зурсан байна.
1947
оны 6 сард нам засгийн удирдагчид, зураач, урчуудыг засгийн газрын бага хурлын
танхимд хүлээн авч уулзахад... маршал Чойбалсан “Сүхбаатарын хөрөг”- ийг урт
ширээний гол дунд тавьж... зураачдад хандан... «Та нөхөд Сүхбаатарыг дүрслэхдээ
энэ зургийг үлгэр авч болох юм» гэсэн санаа хэлж С.Бумцэнд «Дуугарахгүйгээс биш
яг Сүхбаатар юм даа» гэж байжээ.
1948
онд О.Цэвэгжав “Өөрийн хөрөг”, Д.Чойдог “Бумцэнд” зэрэг бүтээл гарсан байна.
Шинэ нийгэм ертөнцийн боловсролд дэвших, хүн ардын шинжлэх ухааны оюун билгийг
Хөгжүүлэх нь үнэхээр зайлшгүй хэрэгтэй байлаа. Тиймээс эрүүл энхийн сэдэв
урлаг, утга зохиолд чухал суурийг эзэлж байлаа.
1949
онд зураач Равсал “Х.Чойбалсан”, П.Балдандорж “Хөвсгөл Далай”, Э.Лхамжав
“Хиагтыг Эзэлсэн нь” зэрэг уран бүтээл гарчээ.
Тухайн
үеийн уран бүтээлчид монгол орны үйлдвэрийн ирээдүй, ажилчин ангийн гайхамшигт
хүчийг магтан дуулж байснаараа энэ үеийн дүрслэх урлаг өвөрмөц юм. Ялангуяа
шинэ амьдралыг цогцлон байгуулах үйл хэрэгт ухамсарт амьдралаа зориулж байгаа
идэвхтэй дүрийг харуулж, хөдөө аж ахуйг техникжүүлэхэд ЗХУ-аас үзүүлж байсан
өгөөмөр тусламжийг харуулахыг гол болгож байжээ.
No comments:
Post a Comment