Wednesday, May 17, 2017

Монголын нууц товчоо /товчлол/


        Хүн төрөлхтний соёл нь бичиг, зохиолтой гүн холбогдолтой. Аливаа үндэстний аж ахуй ба соёлын хөгжилт нь ургамал мэт өсөж ирэхэд түүний ишийн хумьсан товч дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Үндэстэн бүрд ийм уран зохиолын анхны цэцэг, дурсгалт бичиг байна.
Орост Х зууны үед зохиогдсон “Игорийн Хорооны үг” гэдэг сайханзохиол бий. Гүржид XII зууны үед Шота Руставелийн зохиосон “Барсан хэвнэгт баатар” гэдэг шүлэглэсэн зохиол бий. Францад “Роландын дуулал” гэдэг их Карл хааны байлдааны түүхийгавч бичсэн зохиол бий. Грект “Илиада Одиссей” гэдэг хэдэн мянган жилийн урьд зохиогдсон сайхан үлгэр бий.
Тэрчлэн манай монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гэдэг зохиол мөн. Нууц товчоог олон үндэстний эртний уран зохиолын нэрт дурсгалын бичгүүдтэй зэрэгцүүлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт холын цагт монголын ард түмний дотор уран үгийг холбож, түүхт их явдлыг найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хүмүүс байсан байан. Нууц товчоог зохиосон хүни йнэр байхгүй бөгөөд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь тодорхойгүй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын үеийн дармал Нууц товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам үнэн хуваарь мөн болоод тэргүүн арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт хоёр дэвтэрт Өгэдэй хааны үеийн явдлыг бичсэн ба нөгөө уул зохиол арван дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон явдлуудыг тоочжээ. Бүлгүүдийг жагсаавал:
1.    Тэмүжиний уг гарал ба бага насны үе
2.    Чингисийн идэр нас
3.    Мэргэдийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
4.     Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
5.     Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
6.     Хэрэйд улсын мөхсөн нь
7.     Ван хан сөнөсөн нь
8.      Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
9.      Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
10.    Уйгар ба ойн иргэдийг эзэлсэн нь
11. Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
12. Чингисийн нас барсан ба Өгэдэйн хаан болсон нь
Эдгээр тоочсон бүлгээс үзвэл Чингсийн үеийн зөвхөн түүх мэт боловч үнэндээ тийм биш, ардын аман үлгэрийн дээр үндэслэсэн бөгөөд тэр цагийн ардын дуу, цэцэн үг шүлэглэлийг өргөнөөр гаргажээ. Бүлэг бүрд хорь гучин шүлэг байна. Хүний яриа ба хэлүүлсэн үгс их төлөв шүлэг байна. Энэ зохиолд эртний монголын хэлний аялгуу ба үг холбох найруулах хийгээд шүлэглэсэн ба үргэлжилсэн зохиолын жишээ бүрэн гарчээ.
Нууц товчоо бол XIII зууны үед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор болсо явдлуудыг чухам үнэнээр гаргаж бичсэн учраас түүхийн хосгүй баримт бичиг болжээ. Энэ зохиолд Монголын доор болсон явдлыг дэлгэрэнгүй гаргах бөгөөд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай төдий л дэлгэрэнгүй гарахгүй. Гэвч Монголын цэрэг баруун зүг довтолж байлдсан явдлыг тэр цагийн Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын түүх нөхөж өгнө. Рашид Эддин, энэ түүхийг XIV зууны үед, монгол сайд Болод чансан ба бусад хэдэн монгол хүнтэй хамтарч, Ираны монгол хааны номын санд байсан олон монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мөн Монгол, Хятадын холбогдолтой түүхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай Хятадын түүх чнар их л дэлгэрэнгүйгээр бичсэн тул нөхөгдөж ирнэ. Юань улсын мөхсөний дараа Хятадын Мин улсын үед Монголын түүх, Юань ши гэдэг их судрыг зохиосон ба өөр олон зүйлийг Монголын түүхийн бичиг хятад хэл дээр бий.
Нууц товчоог монгол хүн, монгол нутагт зохиосон тул гадаадын түүхч нарын зохиолоос онц ялгавартай, чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг зохиолын туай Оросын эрдэмтэн Владимирцов “Монголын нийгмийн байгуулал” гэдэг номын дугаар нүүрт бичсэн нь: “Дундад зууны үед нэг ч үндэстэн, Монголын адилаар түүхч нарын анхаарлыг татсангүй гэж хэлж болох бл бас Нууц товчооны адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дүрслэн үзүүлсэн дурсгалт бичгийг нэг ч нүүдэлчин үндэстэн үлдээсэнгүй гэдгийг тэмдэглэвэл зохино” гэжээ.
Энэ зохиол бол Монголын түүхийн хосгүй баримт болохоос гадна монгол ардын оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зрхиол мөн. Нууц товчоог XIII зууны үед зохиогдсон ганц яруу зохиол гэж үзэж болохгүй. Жишээлж хэлбэл, халцгай цөлд ганц өндөр нарс ургадаггүй, өндөр нарс их ойн дунд, өндөр нам олон нарсны зэргэлдээ урагдаг биш үү. Тэрчлэн өндөр сайхан нарс мэт сүндэрлэсэн Нууц товчоо гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мөн гэж бодож болно. Бусад олон зохиол нь яасан бэ гэж асуувал гээгдэж, цагийн урсгалд элэгдэж сүйджээ гэж хариулж болно. Манай нүүдэлчин монголчуудад юм хадгалах тохитой байшин сав байхгүй ба олон удаа дайн байлдааны хөлд орж байсан учираас ном бичгээ хялбархан үрэгдүүлдэг байжээ. Хэдийгээр монголын ард түмний түүхт цагийн дотор бүтээсэн уран бүтээлийн үнэт зүйлийн үлэмж хэсэг нь харамсалтайгаар үрэгдсэн боловч хуучин үеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг гурван сайхан зохиол соёлын өв болж үлдсэн байна.
Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил гэвэл зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хүсэл бүрэн илрэн гарчээ. Баруун Монголд боловсорсон Жангарын тууж гэдэг арван хэдэн бүлэг, үлгэрт ардын жаргалант аж амьдралыг хүсэх санал тодорхой гарчээ. Гэсэрийн туужид дарлагч анги ноёд лам нарыг эсэргүүцэх ардын санал илэрхий үзэгдэв. Монголын Нууц товчоонд хоорондоо ямагт тэмцэлдэгч төрлийн ба феодалын бутархай жижиг аймгудыг эсэргүцэж төвлөн нэгдсэн улс байгуулах хүсэл тодорчээ. Төрөл овгийн байгуулалтаас феодалын нийгэмд шилжих ба жижиг бутархай феодалын ёсноос төвлөсөн улс олох явдал нь түүхийн шатын талаар нэг алхам урагш дэвшсэн хэрэг мөн.

Нууц товчоонд Чингисийн төвлөсөн улсыг байгуулж, монгол үндэстнийг нэгтгэн захирсан явдлыг сайшаан магтахаас гадна Чингисийн догшин бурангуй талыг сайшаан магтахаас хам тэр цагийн олны байдлыг нүдний өмнө ил харах мэт тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол оронд нэгдсэн улс байсангүй олон жижижг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг тэргүүлээд хоорондоо ямагт хямралдан тэмцэлдэнэ. Харилцан алалцах дээрэмдэлцэх явдал ерийн заншил болсон байжээ.

Зураглал: Зуны хөдөө

                  
Өглөөний нар нүүрэн дээр тусан үхэр тугалын мөөрөлдөх чимээтэй холилдон гүн нойрноос сэрээв. Гэрээс гарч орчноо ажиглавал халууны манан татан өдрийн их халуунийг зөгнөн дүнсийнэ. Цааш хоёр гурав алхан явбал өвсний толгойд унасан шүүдрийн дуслууд гутал өмдийг шалба норгон усаар туучсан мэт болгож орхилоо. Хэвтэр дээрээсээ дөнгөж хөдлөх хонин сүрэг бүгд л их яаравчлан голруу зүтгэлэнэ. Бүр хэт их яарахдаа зарим нэгэн ишиг хургаа сэрэж амжаагүй байхад нь хөдлөн зам холдоно. Унтаж холдсон ишиг хураг хойноос нь сандран майлан давхилдана. Удалгүй манан арилаж тэртээх холын уулсыг нүдний өмнө ил гарган сэтгэл давхар цэлмэх шиг л болно. Өдрийн их халуун төөтөн төөнөсөөр газрыг улайссан зуухны ширэм шиг болгон хөл нүцгэн гишгэхийн аргагүй болгоно. Халуунтай зэрэгцэн ялаа шумуул нүдрүү бүчин гадаа уяатай морь минь ялаанаас болж цовхчих шахан үсчин ялаархана. Үүнтэй зэрэгцэн их адуу усруу орохоор уралдаж буй мэт цувран тургилалдан ергөцгөөнө. Өдөржин усанд тийрсэн адуу орой болоход ийш хашаа нь мэдэгдэхгүй давхилдацгаана. Халуунд манаран идээшилж амжилгүй хэвтсэн хонь ямаа орой нь хотлохоо мэдэхгүй улам л цаашаа зүтгэлэн идээшлэнэ. Дайран дээр давс нэмэх гэсэн шиг ялаа шумуулнууд  хонь ямааг хэвтүүлэхгүй хөөн цовхчуулна. Нар жаргаснаас хойш бараг үүр цайтал хонь тогтохгүй холхиж сэрэмж нэмэх гэж нохой хааяаа нэг боргон үүр цайлгана. Ингээд л өдөр дахин эхлэн тугалаа нэхэн үнээнүүд мөөрөлдөнө.










Сэтгүүлч 3р курс: А.Мөнх-Эрдэнэ

Хөрөг: Мөнхөд хүндлэгдэх сэтгүүлч

                        
Үгийг нь сонсохгүй байхын аргагүй, өөрийн гэсэн зам мөрөө тодоос тод үлдээсэн “том” хүн гэж  аль ч салбарт байдаг. Монголын сэтгүүлзүй тэр дундаа радио, телевизийн салбарт нэгэн жарны амьдралаа зориулсан, одоо ч амсхийх завгүй ажиллаж буй хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаа гуай юм.Тэрээр 1945 онд бага сургууль төгсөөд шинэ үсгийн бүлгэмийн багшаар томилогдож хөдөлмөрийн гараагаа эхэлж төрөлх сумандаа 5 жил ажиллаад Төв аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар сонгогдон дэвшжээ. 1951 онд Намын дээд сургуульд элсэн суралцаж төгсөөд 1956 оноос Төв аймгийн намын хороонд лектор, 1960-1965 он ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж дүүргэсэн байна. 1965 оноос Монголын радиод сурвалжлагч, редактороор ажиллаж эхэлжээ. Идэр залуу цагаасаа эхлэн нас өндөр болсон одоо ч эх орныхоо өнцөг булан бүрт хүрч хөдөөгийн ард түмний ажил амьдрал, хүсэл эрмэлзлийн нарийн ширийнийг гярхай олж харж сэтгэл бодлыг нээж тусгасан нийтлэл, нэвтрүүлгүүд туурвин уншигч, сонсогч, үзэгчдийн талархлыг хүлээсээр яваа юм.
 Тэрээр монголын үндэсний радио, телевизэд анх 1965 оноос ажиллаж эхлэснээсээ хойш өдгөөг хүртэл хагас зуун жил буюу бүхийл амьдралаа монголын сэтгүүл зүйн хөгжилд зориулж яваа бүсгүй юм. Д.Амбасэлмаа нь дан ганц сэтгүүлчээрээ ажиллахаасаа гадна РТМУСургуульд багшаар ажиллаж өөрийн залгамжлагч халаа хойч үеийн мундаг сэтгүүлчдийг бэлтгэн гаргасаар байна.
Түүнийг анх СУИС-ийн нээлтэн дээр харахад бусадтай л адил намхан нуруутай, нүдний шилтэй, насны урт удаан замыг нь илтгэх мэт үрчлээ суусан цагаан царайтай ахимаг насны эмэгтэй харагдаж билээ. Хүн болгон л түүнтэй очин гар барьж түүнийг хүндлэж байхыг харан би гайхаж найзаасаа энэ хүн хэн юм бол гэхэд найз маань сэтгүүлч Амбасэлмаа гэж хэлж байсан юм. Одоо бодоход би энэ хүнийг танихгүй байж яаж сэтгүүлч болно гэж бодож байсан юм бол гэж боддог. Амбасэлмаа багшийг харахад энгийн нэгэн эмэгтэй атал түүнээс гарах тэр үгийн ур сэтгэлгээний онцлогыг дурьдахгүй байхын аргагүй мундаг сэтгүүлч юм.  Тэрээр эмэгтэй оюутнууддаа “Сүүлийн үед эмэгтэйчүүд үнэ цэнгүй болоод байгаа шүү. Эр хүн дуудахаар годогноод гараад гүйчих юм. Эмэгтэй хүн чинь эрхэмсэг үнэтэй цэнтэй байх учиртай шүү” хэмээн байнга сургаж хэлдэг хатуухан үгтэй мундаг багш юм.  Түүнийг монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлэгт орж байх үед яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай та бол мөнхөд хүндэлэгдэх сэтгүүлч шүү гэж хэлсэн байдаг. Үнэхээр л Соёлын гавьяат зүтгэлтэн нэрт сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаа нь монголын сэтгүүлчдийн дунд мөнхөд хүндэлэгдэх гайхалтай сэтгүүлч юм.

Сэтгүүлч 3р курс: А.Мөнх-Эрдэнэ

“Ах” теле зохиомж /зураг/



Сцень: гадаа, өдөр
Дүрс: 2машин осолдоно /шум/
Сцень: Эмнэлэг дотор өдөр
Дүрс: Батсайхан нүдээ нээж буй, энэ үед эмч нар ийш тийш гүйлдэнэ. Батсайхан Нүдээ анина.
Дүрс: Батсайхан зүүдэндээ нэг танихгүй эрэгтэйн дүрийг бүдэг олж харна./Тэр танихгүй эр Батсайханруу харж инээмсэглээд цааш алхана.
Дүрс: Хаалга чанга хаагдах дуунаар тэр сэрнэ.
Эмч хаалгаар орж ирнэ.
Текст: уучлаарай бид нар хичээсэн эхнэрийг чинь аварсан, даанч...../батсайханы нүд харлана/
Сцень: Хаврын салхитай өдөр /гадаа/
Дүрс: Хотын гудамжаар хүмүүс алхана. Мөн нэгэн компаны үүдийг онцолно.
Дүрс: Батсайхан ажлаа тараад гэрлүүгээ алхан кадраас гарна.
Сцень: Гэрт, дотор, орой
Дүрс: Батсайхан гэрлүү орж ирэх үед эхнэр нь тосож уулзана.
Текст: Эхнэр би гал тогоонд мах шарж байна. Миний хайр хувцасаа солиод амарч бай.
-          Өө нээрээ чамд нэг захиа ирсэн хоолоо идчихээд уншаарай.
Дүрс: Эхнэр гал тогооны өрөөрүү орно.
Батсайхан буйдан дээр сууж хэсэг амрана. Тэр үед эхнэр орж ирнэ. Эхнэр нэг гартаа хоол нөгөө гартаа сонин бас дугтуйтай захиа барьсан байна.
Текст: эхнэр хоолоо халуун дээр нь идээрэй. Сонингоо тэгээд ширтээд л байвдаа эртхэн амраарай. Хайр нь түрүүлээд унтлаа шүү
Сцень: гэрт дотор, шөнө
Дүрс: байрны гадаах хэсгээс гэрэлтэй ганц цонхыг онцолж авна.
Батсайхан сонингоо уншиж дуусаад амрах гэж бостол гэнэт нөгөө захиаг анзаарч харна.
Дүрс: Захиаг задлаж уншина.
Текст: “ Сайн байна уу, хайрт дүү минь. Газар дээрх ганц ах чинь мэндчилж байна.

Текст:Юу гэсэн үг вэ? Надад хэзээ ч төрсөн ах байгаагүй шүү дээ! Энэ хүн хэн юм бол!!!
Текст: Дарханд амьдрал гайгүй л болж байна. Манайхан бүгд ажлаа хийцгээгээд. Муу эгч чинь чамайг их ярих юм. Манай хоёр бага ч чиний тухай үргэлж ярьцгаадаг. Батаа ах яагаад манайд ирэхгүй байгаа юм бэ гэж асуугаад байдаг байснаа одоо больсон. Том болж байгаа нь тэр биз…Үзмээ та хоёр…” 
Дүрс: Захиаг гарнаасаа алдаж түгшүүрт орон сууна.
Текст: “…Үзмээ та хоёр учраа ололцоогүй л явна уу? Тэр сайхан охин чамд ёстой л заяаны хань болох хүн байсан юм даа. Мөн ч хүүхдээрээ гэнэн сайхан сэтгэлтэй охин байсан сан. Одоогийн бүсгүйчүүд дунд Үзмээ шиг эвдрээгүй хүүхэд ховор доо. Хүн насан туршдаа өөрийнхөө тал бие болж төрсөн ижил ханиа эрж хайж явдаг юм гэнэлээ. Чамайг хүрээд ирэх болов уу гэж тэр зөндөө л харсан байж таараа. Эр хүний омог бардам зан гаргах гэж байж чи л алдсан. Та хоёр хамтдаа байсан бол ямар сайхан айл болох байсан бол гэж эгчтэй чинь би ярьж суудаг.
Ингэхэд ахынх нь нас өндөрсч байна. Чи хэзээ нэг манай босгоор алхах гэж байна даа. Газар дээрх ганц ахыгаа мэндэд нэг зүсээ харуулчихмаар л юм даа. Хойтонгоос ах нь нэг элгээ үзүүлэх санаатай. Танайх хуучиндаа юу? Хаягаа явуулаарай.
Хүндэтгэсэн ёсолсон Ах чинь” гэсэн байлаа.
Текст:/ Батсайхан бодолд оров./
Надад Дарханд суудаг ах битгий хэл хамаатны ганц ч айл байхгүй. Хамгийн гайхалтай нь тэр хүн Үзмээг яаж тийм сайн мэдэж байнаа.
Дүрс: Батсайхан унтаж чадахгүй үүр цайтал буйдан дээр сууна.
Эхнэр бас л унтахгүй нөгөө сониноо уншаад суучихсан уу? Би өглөөний цайгаа бэлдээдхий.
Сцень: Өглөө, гадаа
Дүрс: Хүмүүсийн өглөөний амьдрал гудамжаар явах /цаг хугацааны монтаж/
Сцень: Гадаа, орой
Дүрс: Батсайхан ажлаа тараад гэрлүүгээ алхан кадраас гарна.
Сцень: гэрт, дотор, орой
Дүрс: Гаднаас орж ирэн буйдан дээр бодлогшрон сууна.
Батсайхан сонинруу гар нь очиж байгаад болин хажууд нь байсан цаас бал хоёрыг аван захиа бичиж эхлэнэ.
Дүрс: Батсайхан захиагаа дахин дахин бичиж мөн урсаар байна.
Текст: Юу гэх вэ? Эгч чинь гээд байсныг бодвол тэр хүний авгай нь биз. Хэзээ ч хараагүй, байдаг эсэхийг нь ч үл мэдэх бэргэн эгч .Түүнийг хэн гэдэг бол?
“…Сүрэн эгчийн бие сайн уу? Бөөр нь зүгээр үү? Намайг очиход бөөр өвдөөд гээд тариа хийлгэж байсан санагдах юм. Ягаанаа, Бамбарууш хоёр их том болоо биз дээ. Бамбарууш энэ жил есөд орох байх аа. Ягаанааг Дархандаа сурч байгаа нь зөв гэж бодох юм.
Харин ямар мэргэжилтэй болох гэж байгаа юм бэ? Би мэдэхгүй л байгаа шүү. Мартсанаас Сүрэн эгчийн хийж өгдөг хайлмагийг нэг идэх сэн гэж бодох юм. Та надад санаа зовсны хэрэггүй. Үзмээ одоо сайн хүнтэй суусан гэсэн. Би ч амьдралаа бодсон нь зөв байсан шүү дээ. Таны насны хүн арай хөнгөн ажил хиймээр юм. Эсвэл заадаг хичээлийн цагаа багасгаарай. Манайх 13-р хороололд шинэ байр авсан. Хаягаа явууллаа. За ах минь биеэ бодож яваарай. Даралтаа мэдэж байгаарай. Баяртай. Дүү Батсайхан.”
Сцень: Дотор, өглөө
Дүрс: Батсайхан орцноос гарч байгаа хэсэг, гудамжаар бодлогширч алхана.
Дүрс: шуудангын хайрцагт захиагаа хийнэ.
Сцень: Гадаа өглөө орой шөнө
Дүрс: Хотын дүрс, гудамжаар хүмүүс алхана.
Дүрс: Батсайханы ажлын гадаах дүрс, тэрээр баяртайгаар ажлаасаа гарч гэрлүүгээ явна.
Сцень: Дотор, орой
Дүрс: Батсайхан хаалгаар инээмсэглэн орж иртэл гэрт танихгүй зочин ирсэн байна. /жолооч Загджав/
Текст: Жолооч Дарханаас ах чинь хайлмаг явуулсан. Бас энэ гээд сонинд боодолтой нимгэн юм өгөөд “Өнөө оройдоо Дархан орох ёстой” гээд гарахдаа ”Дангаа гуай хичээлээ заагаад л гялалзаад байгаа. Ахынхан чинь бүгд сайн. За баяртай”
Дүрс: Жолооч гэрээс гарна.
Дүрс: Батсайхан гайхах бас айх зэрэгцэн буйдан дээр сууна.
Текст: Миний ахыг Дангаа гэдэг байх нь. Хамгийн гайхалтай нь миний таамгаар бичсэн бүхэн таарч.
Дүрс: захиа болон зурагны детал
Сцень: Гадаа, өглөө, орой
Дүрс: Батсайхан гэрээс ажилруугаа явах замд /уйтгартайгаар алхана, энэ үед гадаа түүний сэтгэл шиг бүрхэг байна/
Сцень: Дотор, орой
Дүрс: Батсайхан түлхүүрээ гаргаж хаалгаа онгойлготол, эхнэр түүнийг гэрт орж амжаагүй байхад тэвэрнэ.
Текст: Батсайхан гайхаж миний хайр яасан бэ?
Эхнэр чи бид хоёрын гадаадад суралцах хүсэлтэнд хариу ирсээн. Зөвшөөрсөн байна.
Дүрс: Батсайхан эхнэрийн хамт жаргалтайгаар гэрлүүгээ орно.
Дүрс: Хаалга хаагдана.
Сцень: Өглөө, гадаа
Дүрс: Батсайхан орцны хаалгаар гарч ажилруугаа явдаг замаасаа гэнэт хазайж кадраас гарна.
Сцень: Дархан орох замд,  машин дотор, өдөр
Дүрс: Батсайхан машин дотор бодолд орон явна. Гэнэт....
Текст: батсайхан
-          Ахаа хотруугаа явийдаа.
Сцень: Хотруу буцна, өдөр, гадаа
Дүрс: Батсайхан автобусны буудал дээр найзтайгаа таарна.
Текст: найз зоригоо сайнуу батаа хоюулаа уулзаагүй яасан удаа вэ?
Батсайхан найз нь гадаадруу сурахаар явах гэж байгаа
Найз Зоригоо хүүе тэгвэл өнөө орой найзындаа зочлоорой, би эхнэртэй хэлээд сайхан хоол хийлгүүлж байя. Найзруугаа залгаарай. Орой уулзая
Сцень: Дотор, орой
Дүрс: Батсайхан найзынхаа хаалгыг тогшино.
Текст: Зоригоо за миний найз гэртээ байгаа юм шиг байгаарай. Миний найз ч бас морьтой явнаа яг хоол болж байхад ирлээ шүү хэхэ
Дүрс: Зоригоогын эхнэр хоол барьсаар зочны өрөөнд орж ирнэ.
Батсайхан хоол авангаа хананд байгаа зургыг санамсаргүйгээр харна.
Текст: Батсайхан Энэ хэн бэ? Загджав гэдэг, хүн мөн үү?” гэж чангаар хэлнэ.
Зоригоо Аан наад хүн чинь манай авга ах. Дарханы хүн байсан юм…Чи яаж таньдаг юм?”
Батсайхан -Яагаад байсан гэж?
Зоригоо
-Нас бараад таван жил болж байгаа юм аа.
Батсайхан -Юу… найз нь харьлаа гэж түгшүүртэйгээр хэлнэ.
Сцень: Дотор, орой
Дүрс: Эхнэр буйдан дээр суун зурагт үзнэ.
Батсайхан гаднаас сандран гүйн орж ирнэ. Тэгээд үүдэндээ ямарч хөдөлгөөнгүй зогссоор байна.
Текст: Эхнэр миний хайр юу болсон бэ? Наад нүүр чинь бүр цайчихсан байна.
Батсайхан эхнэртээ өөрт тохиолдсон бүх зүйлээ нэг бүрчлэн ярьна.
Эхнэр -Энэ бүхний учрыг чи бид хоёр хэзээ ч олж чадахгүй. Аливаа гайхалтай бүхний нууцыг тайлах хамгийн сайн түлхүүр бол цаг хугацаа” гэж хэлээд нөхрөө тэврэнэ.
Сцень: Гадаа, өдөр
Дүрс: Онгоц нисэж байгаа дүрс
Дүрс: цаг хугацаа өнгөрч байгаа /дүрс ханын цаг хурдасгах/
Сцень: Дотор, өдөр
Дүрс: Гэрт цаг энгийн хэмнэлдээ орж гаднаас Батсайхан эхнэрийн хамт орж ирнэ.
Дүрс: Батсайхан утсаа асаана. Гэтэл нэг сарын өмнө түүнд нууцлагдсан дугаараас мэссэж ирсэн байна.
Текст: “Ах чинь өнгөрчихлөө. Сүрэн” гэсэн байлаа.
Дүрс: Батсайханы нүүр инээсэн байж байгаад гэнэт барайж буйдан дээр сууна.
Батсайханы нүднээс план шилжинэ.
Дүрс: Энэ үед эхлэл дээр гарсан зүүдний хэсгийг тодруулж танихгүй эрийн инээмсэглэх төрхийг харуулна.
За кадр: Би тэр өдөр дарханы эмнэлэгт ухаангүй байхдаа садныхаа ахтай уулзсан юм байна шүү дээ... Ер нь л хүний ах гэдэг энэ ертөнцийг орхисон хойноо ч дүүгээ гэсээр л байх юмдаа. Харин энэ захидалтай хамт бүх нууцын түлхүүр хэзээ ч тайлагдхааргүй алдагдлаадаа...

Ах Теле зохиомж

Ах Теле зохиомж
Хавирга нэвт үлээх хаврын салхи улаан шороо босгон, нэвсийсэн хар үүлс тэнгэрийг бүхэлд нь бүрхээд сэтгэлд уйтгар хоргодно. Орой ажил тараад шууд гэрийн зүг алхлаа. Эхнэр минь хаалгаа тайлж байна.
 Буйдан дээрээ намсхийтэл унаад өгсөн надад тэр сонингууд авчирч өгөхдөө “Чамд захиа ирсэн” гээд алаг дугтуй бариулчихаад гал тогоо руугаа орчихлоо. Юун захиа билээ. Ходоод өлөн байсныг ч хэлэх үү, тэр дугтуйг нээх хүсэл төрсөнгүй. Сонингуудаа ээлжлэн унших завсраа би тэр дугтуй руу түгшүүртэйгээр хяламхийсээр байлаа. Дараа нь монголын бүх сувгийн мэдээний хөтөлбөрийг үзэж дуусаад босоход өнөөх захидал нүдний үзүүрт “намайг задлаач” гэх шиг өртөөд болдоггүй.
Би яагаад тэр захидлыг задлахаас ингэтлээ зүрхшээгээд байгаа юм бэ? Хор шар хөдлөн өнөөх дугтуйг шүүрч аваад эргүүлж тойруулан харав. Яах аргагүй миний нэр дээр Дарханаас иржээ. Тэр хүн нэрээ тавилгүй “Газар дээрх ганц ахаас чинь” гэжээ. Надад ах байхгүй. Ганц дүү охин минь гадаадад амьдардаг. Хүн андуурсан биз гэтэл яах аргагүй миний нэрийг овгийн эхний үсэгтэй нь биччихсэн байдаг. 
Би нэг сайн амьсгаа аваад нөгөө захидлын дугтуйг урлаа.
“ Сайн байна уу, хайрт дүү минь. Газар дээрх ганц ах чинь мэндчилж байна.
Дарханд амьдрал гайгүй л болж байна. Манайхан бүгд ажлаа хийцгээгээд. Муу эгч чинь чамайг их ярих юм. Манай хоёр бага ч чиний тухай үргэлж ярьцгаадаг. Батаа ах яагаад манайд ирэхгүй байгаа юм бэ гэж асуугаад байдаг байснаа одоо больсон. Том болж байгаа нь тэр биз…Үзмээ та хоёр…” 
“Үзмээ та хоёр..” Би энэ мөрийг хүргээд цочин балмагдахдаа тэр хуудас цаасыг гараасаа алдчихав. Зүрх цээжиндээ багтахгүй бөмбөрдөн дэлдэж, ам хатан ангалзав.
Үзмээ бол миний анхны хайрын эзэн.Бид хоёр оюутны дөрвөн жил үерхсээр төгсөх жилдээ нэг гэртээ орж, дараа нь охинтой болсон юм.
Нэг сайн гүнзгий амьсгалаад захидлыг үргэлжлүүлэн унших хүч тэнхээ гаргахыг оролдлоо.
“…Үзмээ та хоёр учраа ололцоогүй л явна уу? Тэр сайхан охин чамд ёстой л заяаны хань болох хүн байсан юм даа. Мөн ч хүүхдээрээ гэнэн сайхан сэтгэлтэй охин байсан сан. Одоогийн бүсгүйчүүд дунд Үзмээ шиг эвдрээгүй хүүхэд ховор доо. Хүн насан туршдаа өөрийнхөө тал бие болж төрсөн ижил ханиа эрж хайж явдаг юм гэнэлээ. Чамайг хүрээд ирэх болов уу гэж тэр зөндөө л харсан байж таараа. Эр хүний омог бардам зан гаргах гэж байж чи л алдсан. Та хоёр хамтдаа байсан бол ямар сайхан айл болох байсан бол гэж эгчтэй чинь би ярьж суудаг.
Ингэхэд ахынх нь нас өндөрсч байна. Чи хэзээ нэг манай босгоор алхах гэж байна даа. Газар дээрх ганц ахыгаа мэндэд нэг зүсээ харуулчихмаар л юм даа. Хойтонгоос ах нь нэг элгээ үзүүлэх санаатай. Танайх хуучиндаа юу? Хаягаа явуулаарай.
Хүндэтгэсэн ёсолсон Ах чинь” гэсэн байлаа.
Би бодолд оров. Надад Дарханд суудаг ах битгий хэл хамаатны ганц ч айл байхгүй. Хамгийн гайхалтай нь тэр хүн Үзмээг яаж тийм сайн мэдэж байнаа.
…Би түүнд даанч дэндүү хайртай байлаа. Бид хоёрын дундаас төрсөн охин, тэр минь дөнгөж хөлд орж, тэнтэр тунтар алхаж эхлээд байхдаа гэнэт л халуурч хоолой нь боогоод …Түргэн дуудсан. Эмнэлгийн сэхээн амьдруулахын өрөө. Гэвч “өнгөрчихлөө” гэж нэг сувилагч надад хэлсэн
. Охин минь байхгүй болсон тэр өдрөөс хойш би архи ууж эхэлсэн. Үзмээтэйгээ ч байнга хэрэлдэх болсон. Охиноосоо хойш ухаан сэхээ орж, түүнийгээ хайрлах сан гэж хичнээн хичээгээд ч болж өгөөгүй юм. Тэгээд нэг өдөр тэр минь намайг эзгүйд хөдөө аймагт суудаг аавынх руугаа явчихсан билээ. Би хойноос нь очих гэж хэд хэд оролдоод өөрийгөө хүчилж чадаагүй өнгөрсөн юм. Энэ бол долоон жилийн өмнөх явдал. Тэр минь өнгөрсөн жил сайн хүнтэй суулаа гэж дуулдсан. Харин би гэрлээд гурван жил болсон ч түүнийг мартаж чадаагүй л явна.
Тэр шөнө унтаж чадалгүй үүр цайлгалаа..
Би тэр захиаг мартаж чадсангүй. Долоо хоногийн дараа хариуг нь бичихээр суулаа. “Ах”-даа юу гэж бичихээ мэдэхгүй, эхэлсэн захиа бүрээ урж хаясаар их л оройтжээ. Ганц сайн санаа алдаад сүүлчийн захидлаа эхэллээ. 
Юу гэх вэ? Эгч чинь гээд байсныг бодвол тэр хүний авгай нь биз. Хэзээ ч хараагүй, байдаг эсэхийг нь ч үл мэдэх бэргэн эгч .Түүнийг хэн гэдэг бол?
“…Сүрэн эгчийн бие сайн уу? Бөөр нь зүгээр үү? Намайг очиход бөөр өвдөөд гээд тариа хийлгэж байсан санагдах юм. Ягаанаа, Бамбарууш хоёр их том болоо биз дээ. Бамбарууш энэ жил есөд орох байх аа. Ягаанааг Дархандаа сурч байгаа нь зөв гэж бодох юм. Харин ямар мэргэжилтэй болох гэж байгаа юм бэ? Би мэдэхгүй л байгаа шүү. Мартсанаас Сүрэн эгчийн хийж өгдөг хайлмагийг нэг идэх сэн гэж бодох юм. Та надад санаа зовсны хэрэггүй. Үзмээ одоо сайн хүнтэй суусан гэсэн. Би ч амьдралаа бодсон нь зөв байсан шүү дээ. Таны насны хүн арай хөнгөн ажил хиймээр юм. Эсвэл заадаг хичээлийн цагаа багасгаарай. Манайх 13-р хороололд шинэ байр авсан. Хаягаа явууллаа. За ах минь биеэ бодож яваарай. Даралтаа мэдэж байгаарай. Баяртай. Дүү Батсайхан.”
Сохор таамгаараа ийм л товчхон юм бичээд маргааш нь ажилдаа явах замдаа шуудангийн хайрцагт хийчхэв. Хорвоо дэлхийд байхгүй хүмүүсийн нэрс тоочсон тийм элий балай захиа авсан хүн гайхсандаа дахиж сураг чимээ өгөхгүй таг болно биз гэж би битүүхэн найдсаар хэдэн сар өнгөрөв.
Нэг орой иртэл манайх зочинтой байв. Манайд жолооч Загджав гэж өөрийгөө танилцуулсан хижээл эр ирчихсэн сууж байх юм. Дарханаас ах чинь хайлмаг явуулсан. Бас энэ гээд сонинд боодолтой нимгэн юм өгөөд “Өнөө оройдоо Дархан орох ёстой” гээд гарахдаа ”Дангаа гуай хичээлээ заагаад л гялалзаад байгаа. Ахынхан чинь бүгд сайн. За баяртай” гээд бядтай гараар хаалга татан гарсан юм.
Миний ахыг Дангаа гэдэг байх нь. Хамгийн гайхалтай нь миний таамгаар бичсэн бүхэн таарч.
Тэр боодолтой юм нь хуучирсан хар цагаан гэрэл зураг байлаа. Үзмээ бид хоёр огтын танихгүй улстай хамт авахуулсан зураг байв. “Ягаанаа, Бамбарууш хоёр болон аав, ээж, Үзмээ эгч, Батаа ах” гэж хүүхдийн бичгийн хэвээр бичжээ.
Хэд хоног л би бодолд дарагдан зүүд нойрондоо яваа мэт байлаа.
Зуны сүүл сард би дахин нэг захиа авлаа. Германд сурахаар явуулсан хүсэлтэд минь нааштай хариу иржээ. Би нөгөө Дарханд суугаа “ах”-даа ингэж хэл сураг дуулгалгүй ингээд л таг чиг яваад өгнө гэхээр цаг дээрээ санаанд багтаж өгөхгүй байлаа.. Тэгээд амралтын өдрөөр Дархан руу гарч өгөв. Гэвч замын дундаас би буцаад хот руу давхичихсан юм. Ингээд бүх юм дууссан бол ч яамай. Дахин нэг хачирхалтай явдал намайг отож байжээ.
Манайх байр, машинаа зарж, алс газар одоход бүх юм жин тан болчихсон байлаа. Зоригоо гэдэг найзындаа нэг орой айлчлав. Тэдний гэрэл зургийн цомгийг үзэж суутал нэг л үзсэн хүний танил царай хэд хэдэн зурагт үзэгдээд өнгөрөх юм.. Гэртээ харихын даваан дээр гутлаа өмсч суухдаа тэр танил царай хэнийх болохыг бодож оллоо. Тэр бол нөгөө “ах”-ынхаас хайлмаг авчирсан жолооч байсан байна шүү дээ. Би зургийн цомгийг нь шүүрэн авч тэр хүний зургийг яаран олоод ”Энэ хэн бэ? Загджав гэдэг, хүн мөн үү?” гэж асуув. Би тийм чанга хашгирснаа өөрөө ч мэдсэнгүй. Гайхсан Зоригоо “Наадхи чинь манай авга ах. Дарханы хүн байсан юм…Чи яаж таньдаг юм?” гэлээ.
-Яагаад байсан гэж?
-Нас бараад таван жил болж байгаа юм аа.
-Юу…у?
Би тэднийхээс яажшуухан гарч, гэртээ хэзээ ирснээ ч мэдсэнгүй. Надад тохиолдоод байгаа хачирхалтай явдлуудыг цаашид өөртөө хадгалаад явж чадахгүйгээ л ойлголоо. Маргааш нь би эхнэртээ энэ бүхнийг ярилаа.
“Энэ бүхний учрыг чи бид хоёр хэзээ ч олж чадахгүй. Аливаа гайхалтай бүхний нууцыг тайлах хамгийн сайн түлхүүр бол цаг хугацаа” гэж тэр хэлсэн юм. Ингээд бид хоёр долоо хоногийн дараа Берлин рүү ниссэн юм даа. Би тэнд завгүй сурч, ажилласаар хэдэн жилийн дараа Монголдоо эргэж ирлээ. Гэтэл миний хуучин хаягаар сарын өмнө ирсэн цахилгаан утсанд “Ах чинь өнгөрчихлөө. Сүрэн” гэсэн байлаа. Харин тэр хүнтэй хамт нөгөө хачирхалтай нууцын түлхүүр үүрд  алдагдсан юм даа.

Монголын дүрслэх урлагийн үүсэл хөгжил ҮРГЭЛЖЛЭЛ

Мөн олон нийтийн дунд суртал нэвтрүүлэх тухай монгол ард улсыг аж ахуй ба эрдэм соёл, ший жүжиг, зураг урлалыг чанарыг сайжруулж, улаан булан, улаан гэр мэтийг өргөжүүлэн хөгжүүлэх тогтоол гарсан байна.
Дүрслэх урлагийн бүтээлд мал амьтныг тодорхой зорилгын үүднээс дүрслэн зурдаг билээ. Тус улсын үндэсний соёл боловсролыг хөгжүүлэх явдалд намаас тодорхой чиг шугам гаргаж уламжлалт зураасан зургийн агуулгыг төдийгүй хэлбэрийг баяжуулж, урлаг уран сайхны олон арга барилаар, дүрслэн илэрхийлэх хэрэгслийг гүнзгийрүүлж эхэлсэн байна.
«Монголын үнэн» сонин ЗХУ-ын Эрхүү хотноо хэвлэгдэж байсан бөгөөд үүний ачаар монголын зураачид Зөвлөлтийн зураачдын бүтээлтэй танилцаж коминтерний нөхдийн тусламж дэмжлэг авч байсан нь зургийн урлаг шинэ утга агуулга, үзэл санаагаар хөгжихөд ач тусаа өгч зарим сонины зургуудыг чухам хэн зурсан болох нь тодорхой биш байна.
Монголоос сонинд ажиллаж байсан хүмүүсийн дунд зураг зурдаг нь С.Буяннэмэх байжээ. Түүний зурсан «Уран үгсийн чуулган» сэтгүүлийн хавтас болон «Шанз тоглож буй эмэгтэй», «Эртний баатар» зэрэг хэд хэдэн зураг мэдэгдэж байна. «Уран үгсийн чуулганы» хавтас ба «Монголын үнэн» сонинд нийтэлсэн зургуудаас монголын амьдрал, хүний төрх, хувцас, эдлэл хэрэглэл, хөдөлгөөн зэргийг үзүүлсэн байдал, үндэсний уламжлалт зургийн хүн, мал амьтны хэлбэр дүрсийг гаргаж ирсэн өвөрмөц арга ажиллагааг хэрэглэсэн зэргээс үзэхэд тус сонины нэг, хоёр, дөрөвт нийтэлсэн зургуудыг С.Буяннэмэх зуржээ.
Ардын хувьсгалаас хойш гарсан «Уриа», «Ардын эрх», «Үнэн» зэрэг тогтмол хэвлэлд олон зураг нийтлэгдэж байжээ. Тэдгээр хэвлэл шинэ цагийн дүрслэх урлагийг үүсгэн хөгжүүлэгч зураачдын өсөж хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Сонины зургуудаас зураасан зургийн сэдвийн цар хүрээ, уран бүтээлчдийн өсөлт, ур чадварын дээшлэлтийг мэдэж болохоор байна.
Тухайн үеийн бодит байдал, нийгмийн үзэгдлийг дүрслэх урлагийн уран сайхны хэлээр сурталчилж шинэ нийгмийн амьдралыг дүрслэх, шинэ хүний дүрийг бүтээхэд зураач урчууд, авьяас билгээрээ тодорсон залуу авьяастан нар мэдлэг, ур чадлаа зориулж ардын хувьсгалыг бахдан магтах, ухуулан сурталчлан ард түмэнтэй ойртуулах ба уран сайхны ажлын тухай Намын Төв Хорооноос гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлийг гол болгож байв.
«Монгол ардын нам» сэтгүүлийн хавтсанд ард түмэн намаа нягт хүрээлж байгааг харуулсан байдаг бол «Хувьсгалт залуучуудын эвлэл» сэтгүүлийн хавтсанд ирээдүйдээ итгэл төгс байгаа шинэ эрин үеийн залуусын цог золбоог үзүүлсэн байна. «Ардын цэрэг», «Хувьсгалт улаан цэргийн бодлого» зэрэг сэтгүүлд эх орны соргог манаа болсон шинэ хүнийг зуржээ.
Тухайн үед төрөл бүрийн номыг зурагтай хэвлэж байсан бөгөөд тэр зургууд нь үзэмж чимгийн үүрэг гүйцэтгэхээсээ илүү түүний утга санааг илэрхийлж, агуулгыг гүнзгийрүүлж байснаараа онцлог юм.
Монголын сэхээтнүүд эх хэлээрээ ЗХУ болон европын уран зохиолоос Аугаа их зохиолч А.Горькийн зөвлөсөнчлөн идэвхтэй зарчмыг баримталсан зохиол орчуулж байсан бөгөөд тэр зохиолын заримд монголын зураачид зураг зурж байжээ. Д.Дефогийн «Робинзон Крузо»гийн зураг чимэглэл энд онцгой байртай юм. Энэ бүхнээс үзэхэд сонин, сэтгүүл, ном нь орчин үеийн дүрслэх урлагийн амьдралд чухал үүрэг гүйцэтгэж, урчуудыг хүмүүжүүлж, тэдний эгнээ өргөжиж, уран бүтээлийн үзэл суртал, ур чадвар дээшлэхэд ач холбогдлоо үзүүлжээ.
Үзүүлэн таниулахад зориулсан зурагт хуудас нь нам засгийн бодлогыг сурталчлахад дайчин зэвсэг болж энэ төрөл зүйлийн үүсэл хөгжлийн явц ихээхэн сонирхолтой юм. Улс төрийн ухуулах хуудас гаргахыг жанжин Д.Сүхбаатар анх санаачилж, намын анхны ухуулах хуудасны үгийг өөрөө бичиж байжээ.
Монгол ардын намаас ухуулах, уриалах хуудас бичүүлэх, хэвлүүлэх талаар онцгой анхаарч, Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид тус намын анхдугаар их хурлыг хуралдуулахаар Хиагт хотод бэлтгэл ажил явуулж байхдаа мөн ажлыг зохиож тэд 20 гаруй нэр төрлийн их, бага хэмжээний ухуулах хуудасны төрөл бүрийг хамгийн бага тоогоор 100-гаас доошгүй хувиар хэвлэж Монгол оронд тарааж байжээ.
Ардын хувьсгал мандсанаас хойш Монголын анхны зурагт хуудас 1923 онд Ленинград хотод хэвлэгдэж байсан байна. Энд өнгөрсөн нийгмийн бурангуй байдлыг ололт амжилттай жиших замаар шинэ нийгмийн хөгжил хөдөлгөөний зүй тогтлыг харуулжээ.
Монголын зураач урчууд европын уран зургийн арга барилд суралцаж эхэлсэн бөгөөд уран бүтээлүүдэд ертөнцийг мэдэрч тусгадаг бодьгал шинж, дүрслэлийн примитив хандлага, байгалиас хуулбарлан суралцах натуралист баримтлал зонхилж нам төрөөс театр, клубуудийн зэрэг уран сайхны байгуулагуудын ажиллагааг сайжруулах, уран сайхны боловсон хүчин бэлтгэх зорилгоор жүжиг, дуу бүжиг, хөгжим, зохиол найруулга, кино ба гар зургийн сургуулиудыг байгуулж улсаас аль болох зардлаар хангах уран сайхны талаар арга тогтоол гаргасан байна. Мөн соёл боловсролыг ухралтгүйгээр хөгжүүлж бичиг үсэг үл мэдэх явдлыг бүрэн устгаж, ард түмнийг гэгээрүүлэх бодлог барьж байлаа.
Тухайн үед Монголд ажиллаж байсан ЗХУ-ын мэргэжилтэн К.И.Померанцев, Н.Н.Вельский, С.А.Бушнев нар зургийн дугуйланд багшлах, дагалдуулан сургах замаар Л.Гаваа, О.Санжжав, Л.Намхайцэрэн, Ү.Ядамсүрэн нарын зэрэг олон зураачдыг тосон будгийн арга ажиллагаанд сургаж байсан буюу багш нарыг бэлтгэх сургуулийн дэргэд А.Соёлтой багшийн дугуйланд О.Цэвэгжав, Д.Чойдог нар суралцаж уран зургийн аргатай танилцжээ. Энэ үеэс тосон будгийн аргаар хийсэн анхны бүтээлүүд гарч эхэлсэн байна.
1940 онд Ардын хувьсгалын 20 жилийн ойд зориулж дүрслэх урлагийн төрлөөр уран бүтээлийн анхдугаар уралдааныг зарласан ба энэ уралдаанд тосон будгаар зурсан уран бүтээлийн ажлууд тавигдав.
1940-1941 онд Ү.Ядамсүрэн, Д.Чойдог нарыг Москва хотноо уран зургийн дээд сургуульд суралцуулахаар явуулсан боловч Дэлхийн II дайн эхлэн Германы арми ЗХУ-д довтолсон тул тэд сургуулиа дуусгаж чадалгүй Монгол руу буцаж иржээ. Зураачид хэдийгээр ганц жил суралцсан ч нилээд туршлага хуримтлуулж мэргэжлийн хандлагатай болж ирснээр тэр үеийн залуу зураачдад зургийн онол, дадлагын талаар их зүйлийг зааж сургаж байсан байна. Уран сайхны хүрээлэнгээс улс орныг батлан хамгаалах чанар бүхий жүжгүүд, олон түмний эх оронч байдлыг үзүүлсэн утгатай дуу шүлэг уран бүтээлүүд гаргаж ард олныг сурган хүмүүжүүлэхэд чиглэгдэж байв.
1941 онд зураач Ү.Ядамсүрэн “Х.Чойбалсан”, “Х.Чойбалсангийн хөрөг”, О.Цэвэгжав “Партизан цэрэг элсүүлэлт” зэрэг бүтээлүүд гарсан байна.
1942 онд Монголын ардын засгаас Улсын уран сайхны хэрэг эрхлэх газрын харьяанд Зураг урлалын газар байгуулагдаж тус Газрын анхны даргаар Д.Чойдог, ахлах зураачаар О.Цэвэгжав, зураачаар Д.Лувсанжамц, дагалдан зураачаар П.Балдандорж, модоч дархан Сандуйжав нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан нь Монголын дүрслэх урлагийн байгууллагын үндэс суурь болсон байна.
1942 онд зураач Л.Гаваа “Цаатан” бүтээлээ зурсан байна.
Монгол орны тусгаар тогтнол хүн ардын эрх чөлөөний төлөө тэмцэж явсан партизан нарын хөргөөс Д.Чойдогийнх бодит амьдралыг уран сайхнаар харуулсан байдал, дүрийн шийдэлтийн хувьд онцгой ялгарч байв. Тэрээр сонин сэтгүүлийн зураг зурж байснаас биш уран зургаар ажиллаж байгаагүй ч үзэгчдийн анхаарлыг хөрөгт төвлөрүүлэх тийм зохиомжийг сонгож дотоод сэтгэлгээ, гадаад намба төрхтэй холбож уран сайхны дүрээр илэрхийлэх зорилго тавьж байснаас үзэхэд түүнд уран дүрслэлийн эрэл хийж, туршлага хуримтлуулж байсан нь ажиглагддаг.
1943 онд зураач Д.Чойдог-ийн зурсан “Партизан Мельников”, “Өвгөн партизан”, Н.Цүлтэм “Атак” бол монгол орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан зөвлөлтийн интернационалч, эх орончдын нэг юм. Зовлон туулж тэмцэлд хатуужсан энэ хүний зориг эрмэлзлийг уран дүрслэлийн ойлгомжтой хэлээр илэрхийлсэн билээ. Д.Чойдог ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож явсан нэр үл мэдэгдэх нэг партизаны хөргийг зурсан бөгөөд тэр хүний дүр төрх байдлыг харахад шинэ төрдөө байгуулсан гавьяатай хүн болох нь харагддаг.
1944 онд зураач Ү.Ядамсүрэн “Малчин эмэгтэй”, Л.Ванган “Атак”, Л.Гаваа “Цогийн идэр нас”, Л.Гүрсэд “Агт Бэлэглэлт” тус тус зуржээ. Ү.Ядамсүрэнгийх угсаатны зүйн онцлогийг нарийн гаргаж түүгээрээ оросын ард түмний амьдралыг үзэгчдэд хүргэж байснаараа өвөрмөц байв.
1945 онд Зураг урлалын газрын дэргэд Зургийн дунд сургуулийг байгуулсан бөгөөд энэ сургуулийн анхны элсэгчид нь хожмын Монголын урлаг, соёлын нэрт зүтгэлтэн зураач Б.Гомбосүрэн, Б.Чогсом, О.Мягмар, С.Рэнцэн, кино найруулагч Б.Сумхүү, Бодьсүрэн, Бадамгүр, О.Нямсүрэн нарын 15 хүн байжээ . Тэдэнд анх хар зургийг Д.Чойдог, шугам зургийг Л.Намхайцэрэн, өнгөт зургийг О.Цэвэгжав нар зааж байжээ.
1945 онд зураач Ү.Ядамсүрэн “Ударник Ичинхорлоо”, О.Цэвэгжав “Цэрэг гэртээ ирсэн нь”, П.Балдандорж “Хотын Гудамж”, Н.Цүлтэм “Чойбалсан Партизаны Хамт”, Д.Лувсанжамц “Сур Харвалт” зэрэг тосон будгийн уран бүтээлүүд гарсан байна.
1946 онд хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурлын тогтоолд "Аймгийн төвүүдэд уран зураг ба гэрэл зургийн газрыг байгуулан, түүний удирдах хүмүүсийг бэлтгэх зорилгоор уран зураач ба гэрэл зурагчин нарыг бэлтгэх курсийг 1946 онд зохион байгуулсугай" гэж заасан ёсоор хөдөө орон нутагт уран зураг, гэрэл зургийн салбар байгуулагджээ. Мөн онд Дүрслэх урлагийн газар нь улам өргөжиж дотроо уран бүтээлийн тасаг, үйлдвэрийн зургийн тасаг, баримлын тасаг, мужааны тасаг болон сургууль курсийн танхимд зургийн дунд сургуулийн сурагчидад мэргэжлийн хичээл зааж байжээ.
1947 онд зураач Ү.Ядамсүрэн “Монгол Эмэгтэй, Н.Цүлтэм “Сталин Чойбалсан”, Л.Ванган “Гамин Бораны Харгислал”, Д.Манибадар “Эртний баатар”, Зураач Д.Лувсанжамц “Сүхбаатар, Чойбалсан” Хөрөг зургийн төрөл зүйлд Д.Сүхбаатарын дүр онцгой байр эзэлж зураг зурсан бөгөөд уул бүтээлийг зурсан арга барил, хээ угалзыг шалмаг хэрэглэсэн байдал, зураглал чимэглэл, цэвэр өнгө зэргээр ардын урлагтай холбож өгсөн нь их жанжныг адил төсөөтэй дүрслэхийн зэрэгцээ түүний жавхаалаг сэргэлэн зан төрхийг харуулахыг эрмэлзсэн байна.
Зураач Ү.Ядамсүрэн том бага хэмжээний 50 гаруй хөрөг түүх хувьсгал, аж байдал, байгаль зэрэг төрлөөр хэд хэдэн бүтээл хийсний гадна ардын урлал, эдийн соёлын дурсгалтай холбогдсон 40 гаруй зураг зурсан байна.
1947 оны 6 сард нам засгийн удирдагчид, зураач, урчуудыг засгийн газрын бага хурлын танхимд хүлээн авч уулзахад... маршал Чойбалсан “Сүхбаатарын хөрөг”- ийг урт ширээний гол дунд тавьж... зураачдад хандан... «Та нөхөд Сүхбаатарыг дүрслэхдээ энэ зургийг үлгэр авч болох юм» гэсэн санаа хэлж С.Бумцэнд «Дуугарахгүйгээс биш яг Сүхбаатар юм даа» гэж байжээ.
1948 онд О.Цэвэгжав “Өөрийн хөрөг”, Д.Чойдог “Бумцэнд” зэрэг бүтээл гарсан байна. Шинэ нийгэм ертөнцийн боловсролд дэвших, хүн ардын шинжлэх ухааны оюун билгийг Хөгжүүлэх нь үнэхээр зайлшгүй хэрэгтэй байлаа. Тиймээс эрүүл энхийн сэдэв урлаг, утга зохиолд чухал суурийг эзэлж байлаа.
1949 онд зураач Равсал “Х.Чойбалсан”, П.Балдандорж “Хөвсгөл Далай”, Э.Лхамжав “Хиагтыг Эзэлсэн нь” зэрэг уран бүтээл гарчээ.

Тухайн үеийн уран бүтээлчид монгол орны үйлдвэрийн ирээдүй, ажилчин ангийн гайхамшигт хүчийг магтан дуулж байснаараа энэ үеийн дүрслэх урлаг өвөрмөц юм. Ялангуяа шинэ амьдралыг цогцлон байгуулах үйл хэрэгт ухамсарт амьдралаа зориулж байгаа идэвхтэй дүрийг харуулж, хөдөө аж ахуйг техникжүүлэхэд ЗХУ-аас үзүүлж байсан өгөөмөр тусламжийг харуулахыг гол болгож байжээ.

Монголын дүрслэх урлагийн үүсэл хөгжил

1921 оны ардын хувьсгалын дараа Монгол Ардын Нам засгаас урлаг, утга зохиолыг хөгжүүлэх талаар үлэмжийн их анхаарал тавьж, ард түмний эрх ашигт нийцсэн агуулгатай, үндэсний хэлбэртэй урлаг соёлыг хөгжүүлэх, дэлхий дахины сонгодог урлагийн дэвшилт өвөөс бүтээлчээр суралцах зорилтыг тавьснаар Монголын орчин үеийн дүрслэх урлагийн түүхийн шинэ хуудас нээгдсэн юм.
Тэр үед монголын уран бүтээлчид үндэсний урлагийн уламжлалыг хадгалан, дэлхий дахины урлагийн онцлогийг судалж, ялангуяа Зөвлөлтийн дүрслэх урлагаас суралцаж, Монголын орчин үеийн дүрслэх урлагийн суурийг тавьж зураач урчуудын өмнө шинэ нийгмийг цогцлон бүтээх чиглэлийг баримталж бай.
Монгол оронд Европын уран зургийн арга Оросоор дамжин орж ирсэн бөгөөд монголын зураач, урчуудын өмнө хүн төрөлхтний хөгжлийнхөө түүхэнд хуримтлуулсан зураг дүрслэлийн ухааны арвин баялаг болох өрнөдийн зургийн аргыг сурч эзэмшиж МАН-аас гадаадын боловсронгуй байдлыг дагаж мөрдөн явах нь нэн зүйтэй гэж зөвшөөрөн тогтов.
1920 оны XI сараас 1921 оны IV сар хүртэл «Монголын үнэн» сонины анхны дугаарт хоёр, бусдад нь тус бүр нэг, нийтдээ долоон зураг хэвлэгдэж, ардын намын зорилго бодлогыг илэрхийлж, түүний хэтийн төлөв, үзэл санааг олон түмэнд хүргэж, улмаар сурталчлагч, зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэж байснаас үзэхэд орчин цагийн дүрслэх урлагийн ууган төрөл зүйл сонины зураг Монгол ардын намаас империализм хамжлагат ёсыг эсэргүүцсэн ардын хувьсгалд ид бэлтгэж байсан үеэс үүссэн байна.
1921 оны 7-р сарын 19 нд «Монголын үнэн» сонины шууд үргэлжлэл «Уриа» сонин хэвлэгдэж монголын ард түмний түүхэнд шинэ үе эхэлснийг зарлан тунхагласан «Бүрээч» зураг нийтлэгдсэн бөгөөд монгол зургийн уламжлал, бэлгэдэл, зүйрлэл зэргийг чадмаг ашиглажээ. Энэ зурагт бөөн үүлээр ард түмний хүсэл мөрөөдөл дэлгэрэхийг, дэлбээлсэн цэцгээр хүсэл мөрөөдөл жинхэнэ биеллээ олсныг үзүүлж байжээ.
1924 онд Зураач Б.Шарав В.И.Лениний хөрөг зурсан бөгөөд тэрээр монголын дүрслэх урлагт шинэ уран зураг, зураасан зургийн эх суурийг тавьсан манай шинэ үеийн дүрслэх урлагийг үндэслэгчийн нэг хэмээн зүй ёсоор үздэг билээ. Түүний уран бүтээлийг хөрөг, ном хэвлэлийн зураг гэж ангилан үзэж болно.
Тухайн үеийн монголын зураачдын бүтээлийг судалж байхад шинийн төлөө тэмүүлж, тэр зүг уриалан дуудаж, шинэ зүйлийг эзэмшиж, эзэмшихийн төлөө тэмцэж, хуучныг жигшин үзэж, шинэ үзэл санааг ойлгон ухаарч, баярлан баясаж байгаа романтик тэмүүлэл бүхий идэвхтэй уран сайхны дүр илэрч байсан нь зураачид амьдралын сайн сайхан, түүний гэрэлт ирээдүйн гайхамшгийг ойлгож тэр зүг тэмүүлж байсныг харуулна.
Нийгмийн хөгжил дэвшил дүрслэх урлагаас шинэ зам, агуулга хэлбэрийг шаардаж ардын нам, хувьсгал, цэрэг, эмэгтэйчүүд, залуучууд, үйлдвэр, хөдөө аж ахуй, соёлын хувьсгал зэрэг нь уран бүтээлийн гол сэдэв болж байжээ.
Монгол Ардын цэрэг, тэдний сүр хүчийг илтгэн харуулсан олон бүтээл гарч харийн түрэмгийлэн эзлэгчид, дотоодын хар шар хамжлагат ёсны давхар дарлалд шаналан зовсон ард түмэнд эрх чөлөөг олгож сайн сайхан амьдралыг авч ирсэн хүмүүс бол тэр үеийн ардын журамт цэрэг гэж үзэж уг сэдвийг онцлон авч өргөн дэлгэр дүрсэлж байжээ.
Амьдралын өөрчлөлт, нийгмийн хөгжил дэвшил хичнээн түргэн байх тусам уран бүтээлийн сэдэв агуулга маш хурдан өөрчлөгдөн баяжиж уран бүтээлийн зорилго нийгэм, улс төрийн бодлоготой нягт холбоотой үүсэн тогтсон нь орчин үеийн дүрслэх урлагийн ололт, ирээдүйн хүсэл тэмүүллийн илэрхийлэл болж байв. Энэ үеийн уран бүтээлийн нэг нийтлэг зүйл бол амьдралын шинэ утга санаагаар баялаг, түүгээрээ бүтээлч үйлсэд уриалан дуудсан дайчин шинжтэй байсанд оршино. Тухайн үеийн дүрслэх урлаг ард түмний оюун санааны эрэлт шаардлагыг хангаж, хүсэл сонирхолд нь бүрэн нийцэж байлаа.
Монголын дүрслэх урлагийн зүтгэлтэн нар шинэ нийгмийн зорилтыг хэрэгжүүлж соён гэгээрүүлэх, орчин үеийн дүрслэх урлагийг буй болгон хөгжүүлэх ажлыг хослуулан авьяас билгээ дайчилж ардын хувьсгалын утга соёл ба түүний дүрслэх урлагийг бүтээхэд бие сэтгэлээ дайчилан ажиллаж байжээ.
Тэр үед ажиллаж байсан зураач, урчуудын нэг хэсэг нь уламжлалт дүрслэх урлаг, ардын урлал, дорно дахины урлагийн боловсролтой байлаа. Нөгөө хэсэг нь хувьсгалын жилүүдэд орчин үеийн дүрслэх урлагийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшиж байсан уран бүтээлчид байжээ.
Бас нэгэн давуу тал нь Намын үзэл суртал нэвтрүүлэх явдалд клуб / улаан булан/ нь үлэмж тустай ба зүй нь олон түмнийг сурган гэгээрүүлэх хэргийг чухалчилж монголын төр засгийн бодлогыг сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэж байснаараа түүхэн ач холбогдолтой юм.
Монголын зураач, урчууд өрнө дахины урлагийн анхны мэдэгдэхүүнийг эзэмшиж улмаар тосон будаг, гөлтгөнө материалаар уран бүтээлүүд хийж, бодит амьдралыг дүрслэхэд реалист барилыг эзэмших гэж мэрийн ажиллаж байлаа. Уран бүтээлчид эрлийг бодит байдалд нийцүүлэн, цаг үеэ тусган орчин цагийнхаа урлагийн зорилго чиглэлтэй хослуулан хийж байв. Аливаа улсын утга соёлын түүх тухайн ард түмний туулсан замналтай салшгүй уялдаатай байдагчлан, орчин үеийн дүрслэх урлаг нийт улс үндэсний утга соёлын нийтлэг хэв шинжийг ямар нэг хэмжээгээр шингээхийн сацуу өөрийн орны өвөрмөц амьдрал, байгаль, ахуй байдал, хэв заншил, хувьсал хөгжлийг соргог тусгасан байна.
Монгол улсын орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлүүдийн түгээмэл шинж, үзэл санааны гол чиглэл, хөгжлийн зүй тогтлыг гаргах үүднээс урлагийн бүтээлүүдийг зураасан зураг, уран зураг, уран баримал, тайз чимэглэл, гоёл чимэглэлийн урлаг гэж ангилан тус тусад нь авч үзэхдээ хөгжлийн хувьд тухайн үедээ тэргүүлж байсан зураасан зургаар эхлэж байна. Тэр үед ухуулан сурталчлах зураасан зургийн төрөл зүйл хүн амын ихэнх бичиг үсэг мэдэхгүй байсан нөхцөлд тухайн үеийн улс төрийн амьдралын утга учир, нам засгийн бодлогыг ойлгомжтой, хүртээмжтэй сурталчлахад чухал үүрэгтэй байжээ.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй дэд бүтэц хөгжөөгүй монгол орны тухайн нөхцөлд зураасан зургийг олон хувиар хэвлэж хамгийн бөглүү зах хязгаарын нутагт хүртэл тарааж болох бүрэн боломжтой байлаа. Намаас зураач урчуудын зураасан зургийн бүтээлд нийт олон түмнийг хувьсгалын үзэл суртлаар хүмүүжүүлэхэд чиглэж, олноор байгуулсан клубүүдийг харьяат намын хороонд захируулж, үзэмжтэй болгохын тулд зураачдаар зураг хөргийг бэлтгэх хошууны хороодын дэргэд нэжгээд улаан буланг шинээр нээж байсан байна.
Зураасан зургийн урлагт суурь зураг, зурагт хуудас, хэвлэл, чимэглэлийн зураг зэрэг олон зүйл багтдаг бөгөөд эн түрүүнд сонины зураг эхлэн хөгжсөн байна. Сонины зураг уран сайхны чигмэглэлийн үүргээсээ гадна тодорхой үзэл санааг илэрхийлж улс төрийн агуулга, уран сайхны нэгдлийг буй болгон ардын намын дайчин үгийг олон түмэнд хүргэх үзэл суртлын хүчирхэг зэвсэг болж байжээ. Эдгээр зургуудыг хэн ч харсан ойлгомжтой байсан төдийгүй ард түмэн жинхэнэ хань нөхөр, дайснаа хэн болохыг танихад нөлөөлж байсанд улс төрийн ач холбогдол оршино.
Зураачид олон түмний анхаарлыг татахуйцаар сонирхолтой зохиомж, уран сайхны хэтрүүлэл, хошигнол оруулж зурж байв. Зарим зурагт тайлбар өгч, холбогдох этгээдийн нэр зааж зураг дээр бичиж тодосгох, хоёр гурван хэсэг болгон цуврал байдлаар зурах зэрэг аргыг хэрэглэж байжээ.
Монголын анхны хэвлэл «Монголын үнэн» сонины анхны дугаарыг нам төрийг үндэслэгч их жолоодогч Д.Сүхбаатарын санаачилга оролцоотойгоор коминтернийн нөхдийн тусламжтайгаар нийтэлж гаргасан байна. Энэ сонины эхний дугаарт «Эрх мэдлээ авч, эрдэм соёлоо мандуулъя» зураг нийтэлж түүнд хувьсгалын бүрээ үлээж байгаа морьтой хүнийг зурж олон түмнийг харийн түрэмгийлэн эзлэгчид, дотоодын хар шар хамжлагат ёсны давхар дарлалын эсрэг хүчээ нэгтгэн тэмцэж эрх чөлөөгөө олж аваад улмаар соёл боловсролоо мандуулах хувьсгалын үйлсэд уриалан дуудсан утга санааг илэрхийлжээ.
Мөн түүнчлэн хуучин дүрслэл, хэллэг уран сайхны хүрээнээс хальж бодит байдалд ойртсон байна. Тэр үед хамжлагат, лам нар Орос улсыг элдвээр муучилж ард түмний дунд худал цуурхал тарааж түүнд дургүйцүүлэх, холдуулах бодлого явуулж байсан нөхцөлд шууд дүрслэлийи аргаар монгол зөвлөлтийн ард түмний найрамдал нөхөрлөлийн эхлэл хэрхэн тавигдаж байсныг илэрхийлэхэд тохиромжтой биш байжээ. Тиймээс зураач, урчууд тухайн цаг үед тохирсон төлөөлөл, дүрслэлийн аргыг сонгон хэрэглэсэн нь уул найрамдал нөхөрлөлийн эхлэлийг илэрхийлэхэд төдийгүй төлөөлөл адилтгал, зүйрлэл зэргийг ашиглан бэлгэдэл, гүн утга санаа бодлоо илэрхийлж ирсэн нь ард олонд ойлгомжтой хэлбэрээр ном дэвтрийг орчуулан гаргах, үнийг хямд болгож ялангуяа бага хүүхэд ба ард түмнийг төөрөгдөлгүй болгож нам засгийн үнэнд итгэлтэй байлгах бодлогийг Төв Хорооноос удирдан чиглүүлэн ажиллаж байсан байна.
«Монголын үнэн» сонины эхний дугаарт «Монгол ардын нам», «Оросын эв хамтын нам» гэсэн хоёр тугийг эн зэрэгцүүлэн зурж хөрш зэргэлдээ октябрийн хувьсгалын өлгий Зөвлөлүүдийн орны ард түмэнтэй найрамдал нөхөрлөлтэй амьдралыг хүссэн монголын ард түмний хүсэл мөрөөдөл амьдралд хэрэгжиж буйг харуулжээ. Ялангуяа хоёр улсын тугийг эн зэрэгцүүлэн зурснаар уг найрамдал нөхөрлөл ард түмний эрх ашгийг хамгаалсан бие биеэ хүндэтгэсэн тэгш эрхийн үндсэн дээр буй болж байгаа шинэ утга агуулгатай болохыг үзүүлсэн байна. Улмаар уул санаа сэдвийн утга агуулга улам гүнзгийрч түүнийг даган уран дүрслэлийн арга хэллэг нь баяжин хөгжжээ.

Монгол Ардын Намын удирдлагаар партизан цэрэг Оросын эв хамт намын тусламж болгон явуулсан улаан цэргийн хамтаар хэцүү хүнд нөхцөлд байсан монгол орныг гадаадын түрэмгийлэн эзлэгчдээс чөлөөлж буйг харуулж, эцэст нь Монгол орныг тусгаар тогтнуулж, жирийн, малчин ард түмэнд эрх чөлөө олгож хөл дээр нь босгон авч байгааг уран дүрслэлээр илэрхийлжээ.